Хичээлийн шинэ жилийн зорилтод тусгах санал хүсэлтүүдийг авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн угтан багш нарын бага хурлыг наймдугаар сарын 27-ны өдөр Алтай хотноо зохион байгуулж энэ хичээлийн жилийн зорилтоо баталлаа.
Уг хуралд тус аймгийн 18 сум, 2 тосгоны сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, цэцэрлэгийн эрхлэгч гээд нийт 170 гаруй боловсролын байгууллагын төлөөлөл оролцож өнгөрсөн жилийн томоохон хөтөлбөрүүд болох “Сургалтын чанарыг ахиулах”, ”Багшийн хөгжил”, “Оюунлаг-Алтай” зэрэг хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн, 2017-2018 оны хичээлийн жилийн Багшийн ёс зүйн тайлан, 2018-2019 оны хичээлийн жилд дэвшүүлж буй зорилт зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо солилцов. Хурлын үеэр оролцогчдоос энэ хичээлийн жилийн зорилго, зорилтод тусгах санал хүсэлтийг авсан ба тус саналыг нэгтгэн шинэ хичээлийн жилдээ баримтлан ажиллах гэнэ.
Бага хуралд Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргыг орлогч Ж.Ганбат, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг нар оролцсон юм. Тэд орон нутгийнхаа боловсролын салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан боловсролын салбарын асуудал, орон нутгийн бодлого шийдвэр, хэрэгжилт, 2017-2018 оны хичээлийн жилийн зорилтын биелэлт, боловсролын шинэчлэлийн бодлого, чиглэл, БСШУСЯ-аас дэвшүүлж буй зорилтын талаар танилцууллаа.
Э.Нарангэрэл