Марафонч Б.Мөнхзаяа YII, Г.Хишигсайхан X байрт тус тус шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Индонез улсын нийслэлд болж буй Азийн XYIII зуны спортын наадмын ес дэх өдөр марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн тэмцээнд ОУХМ Баярцогтын Мөнхзаяа 2 цаг 40 минут 14 секунд /2:40:14/-ын амжилтаар долдугаар байр, ОУХМ Галбадрахын Хишигсайхан 10 дугаар байрт тус тус шалгарсан байна.
Ийнхүү Монгол Улсын эмэгтэй марафончид энэ удаагийн наадмын марафонд эхний 10-т багтаж энэ төрөлд шилдгүүд гэдгээ нотлон харуулж чадлаа.
Азийн наадмын марафоны аваргын алтан медалийг 2:34:51 гэсэн амжилтаар Бахрейны тамирчин, Риогийн олимпийн YIII байрын шагналт, 2017 оны дэлхийн аварга Челмо Роуз хүртсэн бол II байрт /2:36:27/ Японы тамирчин Ногами Кейко шалгарлаа.
Харин III байрт /2:37:20/ БНАСАУ-ын тамирчин Ким Хяие Сонг хурдалсан юм.
Д.Өлзий