Байт сурын холимог баг хүрэл медалийн төлөө тоглохоор болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-24 23:04:14

Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын долоо дахь өдөр Монголын байт харвааны тамирчид холимог багийн төрөлд маш амжилттай харваж хүрэл медалийн төлөө энэ сарын 28-нд БНХАУ-ын багтай өрсөлдөхөөр болов.



Тэд өнөөдөр
1/8 шигшээд энэ төрөлд дэлхийд тэргүүлдэг Энэтхэгийн багийг 5:4-өөр, хэсгийн шигшээд БНСУ-ын багийг 5:1-ээр тус тус хожсон юм. Харин хагас шигшээд Японы шигшээ багтай өрсөлдөж 2:6 оноогоор ялагдлаа.



Манай боксчид өнөөдөр тулаанаа эхлүүлсэн бөгөөд хоёр тамирчин хүчээ сорьсоноос хоёул өрсөлдөгчдөө ялагдлаа. Эмэгтэйчүүдийн ОУХМ Т.Болортуул БНАСАУ-ын боксчин Жо Сон Хва-д 0-5-аар хожигдсон бол эрэгтэйчүүдийн 69 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ Узбекстаны тамирчин Батуров Бобо Усмонд 0:5-аар хожигдож тэмцээнээ дуусгалаа.



Маргааш манай гурван боксчин хүчээ сорих бөгөөд эрэгтэйчүүдийн 49 кг-д ОУХМ Х.Энхмандах БНСУ-ын тамирчин Шин Жонгхунтай тулалдах бол 56 кг-д ОУХМ Х.Энх-Амар /манай хоёр боксчин ах дүү юм/ Японы тамирчин Цуцуми Хаяато хүч үзнэ.

Тэд орон нутгийн цагаар 18:30, 19:15 минутад тоглоно. Харин эмэгтэйчүүдийн 60 кг-д /21:15/ ОУХМ М.Намуун БНАСАУ-ын тамирчин Чое Хуй Сонгтой тулалдана.

 

Д.Өлзий

相关新闻