П.Орхон Азийн наадмын аваргын төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-20 18:38:30

Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадамд оролцож байгаа монголын баг тамирчид өнөөдрийн 18 цагийн байдлаар нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар 45 орноос 12 дугаар байрт явж байна.

Индонезийн
Палембан аралд өнөөдөр үдээс өмнө болсон тус наадмын спортын хийн буудлагын /10 m Air Rifle women’s/ 10 метрийн урт бууны төрөлд өрсөлдсөн манай улсын тамирчин Ганхуягийн Нандинзаяа нийт 227.4 оноогоор гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртлээ.

Энэ өдөр чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан үргэлжилж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 62 кг-д дэлхийн аварга П.Орхон орон нутгийн цагаар 20 цаг 06 минутад Киргизийн бөх Тыныбекова Айсулутай аваргын төлөө барилдана. Тэрбээр Вьетнам, Японы бөхчүүдийг ялаад байгаа юм.



Мөн эмэгтэйчүүдийн 53 кг-д Э.Сумъяа, 57 кг-д А.Батцэцэг нар тус бүр хоёр ялж, нэг ялагдсанаар хүрэл медалийн төлөө Казахстан, БНСУ-ын бөхчүүдтэй /19:24, 19:36 мин/ тус тус барилдахаар боллоо.

Харин эрэгтэйчүүдийн 125 кг ОУХМ Н.Золбоо 1/8 финалд Таджикийн Анакулавыг 10:0-ээр ялсан бол ¼ шигшээд Узбекстаны Модзманашвилид 0:3-аар, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл Тайландын бөхийг 10:2-оор ялсан ч Узбекстаны Якшимуратовад 7:4-өөр ялагдлаа.

Өнөөдрийн байдлаар БНХАУ - 21, Япон - 16, БНСУ – 15 медаль тус тус хүртсэн амжилтаар тэргүүлж байна.

 

Д.Өлзий

相关新闻