Азийн XVIII наадмын нээлтийн ёслол-Ази түмний эрч хүчийг илэрхийллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. “Жакарта-Палембан-2018” Азийн зуны XYIII наадмын албан ёсны нээлтийн ёслол өнгөрсөн үдэш болж, Индонезийн ард түмний түүх, үндэсний соёл, уламжлалыг энэ нутгийн үзэсгэлэнт байгаль, далай, усны гайхамшигт үзүүлбэрийг хослуулан гайхалтай чадварлаг толилуулснаар дэлхий дахины анхаарлыг татаж чадлаа.
Нээлтийн ёслол энэ үдэш орон нутгийн цагаар 19 цагт Жакарта хотын Гелора Банг Карно /Gelora Bung Karno/ цогцолбор хүрээлэнд эхлэхэд Азийн улс түмнүүд төдийгүй дэлхийн олон сая үзэгчид телевиз, интернэтийн сүлжээгээр үзэж сонирхсон юм.
Манай цэнхэр гарагийн хамгийн том газар нутагтай, хамгийн олон хүн оршин суудаг Азийн наадам бол тивийнхээ хамгийн том спортын тэмцээн бөгөөд Олимпийн наадмын дараа орох “Бага олимп” гэдгээрээ онцлогтой билээ.
Ази тивийн 45 орны тамирчид, төлөөлөгчдийг эгнээндээ нэгтгэсэн Азийн зуны XYIII наадмын нээлт болж буй цэнгэлдэхэд Ази түмний болон индонезчуудын эрч хүчийг илтгэн харуулж хурдны мотоцикльтэй орж ирсэн Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодогийн супер мэндчилгээ “Азийн эрч хүч, зүтгэл” /Energy of Asia / уриатай энэхүү наадмын нээлтийн ёслолын хамгийн оргил хэсгийн нэг байв.
Цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт зассан тайзан дээр 2200 ахлах сургуулийн бүжигчин сурагчид үндэсний соёл, уламжлалыг шингээсэн гайхамшигтай үзүүлбэр бүхий бүжгийн урлагийг сонирхуулсан юм.
Энэхүү нээлтийн ёслолын шувууны далавчит хувцас загвар болон хөгжмийн найруулга, бүжгийн дэглэлтийг энэ улсын Карнавалын алдартнууд /хувцас дизайнер Dynand Fariz, Rinaldy Yunardi, Addie MS, Ronald Steven, Denny Malik, Eko Syprriyanto / урлан бүтээжээ.
Азийн наадам нь анх удаа 1951 онд Энэтхэгийн Дели хотноо болсон бол 1954 онд Филиппин улсын Манилад, 1958 онд Японы Токиод болсон. Харин Индонез улсын Жакарта хотноо 56 жилийн өмнө буюу 1962 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 4-нд Азийн IY наадам болсон түүхтэй. Энэ наадмаас Индонезийн шигшээ баг 11 алтан медаль /бадминтон 5, дугуй 3, хөнгөн атлетик 2, усанд үсрэлт төрөл 1/ хүртэж байжээ.
Д.Өлзийсайхан