“Жакарта-2018” наадмын хамгийн ахмад тамирчин 85, хамгийн залуу нь 9 настай
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. “Жакарта-Палембан-2018” Азийн зуны XYIII наадмын албан ёсны нээлтийн ёслолын ажиллагаа орон нутгийн цагаар өнөө орой 19 цагт өмнөд Жакартагийн Гелора Банг Карно /Gelora Bung Karno/ цогцолбор хүрээлэнд эхлэхэд бэлэн болжээ.
Энэхүү наадмын Хэвлэл мэдээлийн төв /МРС/-д Азийн 45 орны сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид хуран цуглажээ. Тус хэвлэл мэдээллийн төвд сэтгүүлч, сурвалжлагч, зурааглаачдад зориулагдсан бүхий л тоног төхөөрөмж, компьютер, интернэт сүлжээ болон хөнгөн зууш, ундаа, кофе цай зэргээр үйлчлэх хэсгүүдийг байрлуулсан байна.
Азийн XYIII наадмыг зохион байгуулагч Индонези улсаас хамгийн олон буюу 935 тамирчин оролцохоор болжээ. Харин БНХАУ-аас 859, Тайланд 812, БНСУ 775, Япон 768, Энэтхэг 617, Хонконг 584, Тайвань 560, Вьетнам 345 тамирчин тус оролцох бол нийт 45 орны 11508 тамирчин 40 спортын төрлөөр энэ удаагийн наадамд хурд, хүч, ур чадвараа сорихоор албан ёсоор мэдүүлгээ ирүүлсэн байна.
Азийн зуны XYIII наадмын Хэвлэл мэдээллийн төвийн үйл ажиллагаатай Индонезийн Цагдаагийн байгууллагын удирдах албаны дарга нар ирж танилцаж, наадмын аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллаж байгаа гэдгээ тус төвийн Мэдээллийн танхимд хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.
Дашрамд сонирхуулахад, Азийн XYIII наадмын хамгийн ахмад тамирчнаар 1933 онд төрсөн 85 настай Филиппин улсын бридж /bridge/-ийн тамирчин Хон Тэ Янь /Kong Te Yang/ ирсэн бол хамгийн залуу тамирчнаар Индонез улсын скейтбоард /skateboard/-ын 2009 онд төрсөн 9 настай тамирчин Алигкка Новерри /Aliqqa Noverry/ оролцож байна.
Д.Өлзийсайхан