Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 17:06:31

Дорноговь аймагт томуугийн өвчлөл ихэсчээ. Сайншанд сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд 12  дугаар сарын 07-ноос эхлэн ажлын өдрүүдэд  өглөөний 08:00 -18:00 хүртэлх хугацаанд цайны цаггүйгээр амбулаторийн үзлэг хийж, зөвлөгөө өгч  ажиллаж байна.

Зөвхөн Сайншанд сумын 3 дугаар багийн Өрхийн эмнэлэгт өнгөрөгч долоо хоногт 275 хүүхэд үзлэгт хамрагдсанаас 16 нь томуугаар өвдсөнийг илрүүлж шаардлагатай эмчилгээ хийж буй. Томуу нь хүүхдийг өндөр хэмтэй халууруулж, биеийн эсэргүүцлийг сулруулдаг аж. Тиймээс  томуугаар өвдсөн үед гэрээс гарахгүй байх, олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх, эмнэлэгт хандахгүйгээр, эмчийн зааваргүйгээр эмийн сангаас шууд эм авч уухгүй байхыг  эмч зөвлөж байна.

Аймгийн Эрүүл мэндийн газраас БСГ-т албан бичиг явуулж хүйтний улиралд янз бүрийн уралдаан тэмцээн, олныг хамарсан ажил үйлчилгээ явуулахгүй байх талаар зөвлөмж өгсөн аж. Өрхийн эмнэлгийнхэн 12 дугаар сарын 09-нөөс эхлэн харьяа цэцэрлэгүүдэд ажиллаж бага насны хүүхдүүдэд үзлэг шинжилгээ  хийхээр болов. 

Х.Эрдэнэбулган

相关新闻