“Тайшир” усан цахилгаан станцын 10 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-08 12:24:54
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний томоохон УЦС-ын нэг болох “Тайшир” УЦС-ын түүхт 10 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож буй ба энэхүү бүтээн байгуулалтаар овоглон яваа үе үеийн инженер техникийн ажилтнууд баяраа тэмдэглэж байна. 
Тус усан цахилгаан станц нь 2001 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр анх Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт  “Улаан боомын” УЦС гэж Уулын орой дээр шав тавьж, 2004 оны аравдугаар сарын 05-нд  УЦС барих үйл ажиллагаагаа эхэлсэн бол 10 жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлэн Говь-Алтай, Завхан аймгийн төв, ойролцоох 8 сум тухайлбал Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун, Гуулин, Жаргалан, Завхан аймгийн Цагаан чулуут, Цагаан Хайрхан, Яруу, Алдархаан сумдыг цахилгаанаар хангаж байгаа юм.
“Тайшир” УЦС-ын дарга Д.Амартүвшин: “П.Жасрай гуайн Засгийн газрын үед Говь-Алтай аймгийг хөгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолд нэр заагдан орсон том бүтээн байгуулалтын нэг нь Тайширын УЦС. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх санаачилгыг тухайн үеийн аймгийн удирдлагууд Б.Дорждагва, Н.Жанчивдорж, ЭХҮ-ийн дарга Г.Хишигхүү нар сэтгэл гарган хөөцөлдөж, Ерөнхийлөгч Н.Багабанди УЦС-ын шавыг тавьсан. Тайшир УЦС-ын төсөл хэрэгжүүлэх нэгж доктор Н.Очиржав, Т.Ганболд, барилгын инженер Ж.Лувсандандар Л.Оюунсүрэн, Г.Будхүү нартай хамтран ажиллаж байлаа. 2004-2007 онд барилгын ажил хийгдэж, 2008 оны наймдугаар сарын 08-ны өдөр анх цахилгаан үйлдвэрлэн Тайшир сумын төвийг хангаж эхэлсэн түүхтэй. Тухайн үед /2007-2010 онд/ хоёр аймгийн төв,  29 сумын төвийг 1100 км цахилгаан дамжуулах шугамаар холбон 24 цагийн цахилгаантай болгож чадсан түүхэн амжилтаараа үе үеийн инженерүүд бид бахархаж байдаг” хэмээн түүхийн хэлхээнээсээ онцлов.
Ийнхүү Монгол Улсын эрчим хүчний салбарын түүхэнд шинэ ололт болж хоёр аймгийг цахилгаанаар хангаж буй тус станцын ойн баяр өчигдөр баярын хурлаар эхэлсэн бол өнөөдөр Тайшир сумын “Шар булагийн тал” хэмээх газарт эрийн гурван наадам зохион байгуулж байна. Баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн оролцож “Тайшир” УЦС-ын үе үеийн ажилтан алба хаагчдад баярын мэнд хүргэлээ.
Түүнчлэн “Тайшир” УЦС-ын 10 жилийн ойн баярыг тохиолдуулан тус УЦС-ын ашиглалтын өмнөх захиргааны анхны дарга, Монгол Улсын зөвлөх инженер Т.Нямдаш “Монгол Улсынхаа баруун хязгаарт баригдсан анхны томоохон усан цахилгаан станцыг өлгийдөн авч эрчим хүчнийхээ гал голомтыг бадрааж байгаа инженер техникийн хамт олондоо 10 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэж ажлын өндөр амжилтыг хүсье” хэмээн баярын мэндчилгээ илгээжээ. 
Түүнчлэн ойн эрхэм бэлэг болгон Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Лхагвасүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан,  Гавьяат жүжигчин С.Ганзориг нар "Гэгээн нуур" шинэ дуугаа бэлэг барьсан байна.
Э.Нарангэрэл
 
相关新闻