Орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд идэвхтэй оролцоно гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-08-06 16:33:26
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт болсон “Бүс нутгийн хамтын ажиллагааны дөрөвдүгээр чуулга уулзалт”-ын үеэр тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанаас гадна орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд идэвхтэй оролцоно” гэдгээ илэрхийлэв.
Дээрх бүс нутгийн гэсэн тодотголд хөрш зэргэлдээ Сүхбаатар, Хэнтий аймаг болон ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг, Тунгляо, Улаанхад хот багтдаг. Дөрөв дэх удаагийн уулзалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн удирдлага, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн орлогч дарга Чү Вэй Гуо, Тунгляо хотын дэд дарга Жо Чан Чин, Улаанхад хотын дэд дарга Жоү Жин Жуанг тэргүүтэй зочид төлөөлөгчид болон Дорнод аймгийн агентлаг, хэлтсийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Энэхүү чуулга уулзалтыг өмнөх жилүүдэд ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг, Тунгляо, Улаанхад хотод хийж байсан юм. Дорнод аймаг жил бүрийн уулзалтад идэвхтэй оролцож, орон нутгийн засаг захиргааны болон нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудад хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч иржээ.
Д.Дэлгэрмаа
相关新闻