Чандмань сумынхан Соёлын төвийнхөө ойг тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ 1928 онд анх Улаан гэр нэртэйгээр тулгын чулуугаа тавьж өдгөө 90 жилийн ойтойгоо учран золгоод байгаа Говь-Алтай аймгийн Чандмань сумын Соёлын төвийнхэн энэ сарын 2, 3-ны өдрүүдэд ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна.
“1928 онд анх Улаан гэр, 1946 онд Улаан булан, 1954 оноос Клуб ,1986 оноос Соёлын төв гэсэн статустай үйл ажиллагаагаа явуулж, арвин их амжилт бүтээлээр эдүгээ 90 дэх жилтэйгээ золгож байгаадаа баяртай байна” хэмээн тус Соёлын төвийн эрхлэгч Ц.Лханаажав онцлов.
Тус Соёлын төв нь хөдөөгийн ард иргэдэд соёлын үрийг тарьж, Ардын язгуур урлаг, биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, уламжлан сургах, үйл ажиллагааныхаа чанар хүртээмж жигд чанартай байлгах, хүүхдийн хөгжлийг дэмжих олон талт үйл ажиллагааг явуулж, бусдадаа үлгэр дууриал болж иргэдэд үзүүлэх нийгэм соёлын арга хэмжээг чанартай хүртээмжэй тогтмолжуулах эрхэм зорилгоо хэрэгжүүлэн ажиллаж буй аймгийн “Хөдөлмөрийн аварга “ хамт олон юм. Тэдний түүх 90 жилийн ойгоо чамгүй амжилтаар угтан буй бөгөөд тэдгээрээс онцолбол, 2010, 2011, 2012, 2013, 2014 оны Говь-Алтай аймгийн Боловсрол Соёл Урлагийн системийн аварга, 2013 онд Улсын “Өвлөн бүжье” уралдааны Гранпри шагнал, 2015 оны аймгийн “Тэргүүний хамт олон”, “Шилдэг менежменттэй байгууллага, 2016 оны “Сумын Тэргүүний Байгууллага“, 2017 оны аймгийн “Хүүхдийн Урлагийн Их Наадмын” Гранпри шагнал, 2018 оны Баруун бүсийн “Жороон жороон бүжгийн уралдааны” Гранпри шагнал, 2018 оны “Нүүдэлчин Монгол-2018 оны Соёлын биет бус өвийн Их наадмын Тэргүүн байр цомын эзэд юм.
Төрөлх сумынхаа Соёлын байгууллагын түүхт 90 жилийн ойд нутгийн зон олон хоёргүй сэтгэлээр тусалж дэмжиж, ийнхүү баярт мөчөө хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байна.
Э.Нарангэрэл