“Хүннү Эйр” ХХК Улаанбаатар-Говь-Алтайн хооронд нислэг үйлдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг нь өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдрөөс хойш Улаанбаатар-Говь-Алтай-Улаанбаатар чиглэлд нислэггүй болоод байсан бол наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн “Хүннү Эйр” ХХК нислэг үйлдэхээр болсноо мэдэгдлээ.
Тус компани нь Улаанбаатар-Говь-Алтай, Говь-Алтай-Завхан-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн мягмар, баасан, ням гарагт нислэг үйлдэх ажээ.
Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харьяа Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудал нь 2012 оны аравдугаар сарын 15-ны өдөр ашиглалтад орж, нислэг үйлчилгээ явуулж эхэлсэн юм. Харин 2016 онд шинээр онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас ашиглалтад оруулжээ. Тус зурвас нь 2900 метр урттай, 30 метр өргөн асфальт, 120м x 85м хэмжээтэй цемент бетон хучилттай перроны талбай юм. Онгоц хөөрч, буух шороон зурвас нь 2300 метрийн урттай, 35 метрийн өргөнтэй хоёр талын оролт, гаралттай далайн түвшнээс дээш 2217 метрт буюу Монгол Улсын хамгийн өндөрт байрладаг аэродром юм.
Э.Нарангэрэл