Үргэлжлэн орж байгаа борооны улмаас Даланзадгадын зарим хэсэг үерт автаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-07-28 15:10:11
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нутгаар өнгөрсөн шөнөөс усархаг бороо орж эхэлсний улмаас тус аймгийн төв Даланзадгад сумын зарим айл өрх усанд автжээ.

Үерт автсан айлууд, аж ахуйн нэгжүүдэд туслахаар Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байгаа ч хүч хүрэлцэхгүй байгаа юм. Тиймээс тус сумын залуус сайн дураараа нэгдэж, Онцгой байдлын албаныханд дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал "Өглөөний клуб"-ын залуус Онцгой байдлын газраас мэргэжлийн зөвлөгөө авч, үерт автсан айлуудад туслаж байна. Мөн зарим компаниуд өөрсдийн техник хэрэгслээ ашиглан шороогоор далан босгох зэргээр үерийн гамшигтай тэмцэж байгаа юм.

Усархаг бороо үргэлжлэн орж буйн улмаас үерийн хор хохирлыг бүрэн зогсоож чадахгүй байна. Тухайлбал, тус сумын дөрөвдүгээр орон сууцны доод гаражинд үерийн ус их хэмжээгээр хуримтлагджээ. Уг усыг гурван ширхэг мотороор соруулж байгаа ч бүрэн цэвэрлэж дийлэхгүй байгааг иргэд мэдээлж байна. Энэхүү гаражинд иргэдийн дөрвөн автомашин байгаа юм.

Мөн үерийн улмаас газар доогуурх шугам татсан зарим байршлууд цөмрөх эрсдэлтэй болжээ. Тиймээс иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гарсан тохиолдолд болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Д.Мишигсүрэн
相关新闻