Ховдын тарвасны тухай сайн, саар хоёр...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-07-27 11:18:36
Ховд/МОНЦАМЭ/ Жил бүрийн зун, намар Ховдын тарвасыг амтлах хүсэл хүн бүхэнд байдаг. Гэхдээ тарвасны тухай саар, сайхан хоёр мэдээлийг хуваалцмаар байна. Дөнгөж сая бага насны  хүүхдэд битгий шийгуа өгөөрэй гэж захисан эмчийн зүгийг сонсоод сэтгэл эмзэглэхийн зэрэгцээ багадаа амталж байсан час улаан жижигхэн тарвасны сайхан  амтыг үгүйллээ.   
Ховд аймаг тарвас, улаан лооль, өргөст хэмх гээд ер нь хүнсний ногоо тариалалтаараа улсдаа алдартай. Ингэж хүнсний төрөл бүрийн ногоо жимс тариалж ирсэн нь Ховд хотын 300 гаруй жилийн түүхтэй холбоотой. Учир мэдэх өвгөд хөгшид одоогийн Ховд хотын төв гудамж буюу аймгийн Холбооны газрын орчмын гудамжинд ногоочид зун, намар час улаан лооль, хар ногоон хальстай час улаан тарвас зардаг, тарвасаа зүсэж амтлуулаад зардаг, өргөст хэмх, улаан лоолийг задгай газар хувин саванд хийж, цэвэрхэн алчуураар бүтээж байсан тухай хуучилдаг. Тэр үеийн тарьж ургуулж байсан тарвасны амт мартагдах аргагүй, арааны шүлс гоожуулдаг байлаа гэж хуучилдаг. Тэр үед тарвасны хэмжээ тийм ч том байгаагүй, хүүхдийн тоглодог дунд зэрэг бөмбөгний дайтай байсан. Том жижиг гэлтгүй задлаад хагалаад идэх бүрт өнгө улаан амт нь бурам шиг байдаг байлаа гэж дурсах болж.  
Амтат жимс, хүнсний ногоо  сайхан ургаж үржил шимээ өгч байгаа нь хэдэн үеэс нааш биднийг ундаалж ирсэн Буянт голын устай холбоотой.
Ховдын хөрсөнд нь юу ч тарьсан ургадаг үржил шимтэй хөрстэй сайхан нутаг. Харин энэ сайхан өвөг дээдсийн уламжлалт тарвас тариалдаг туршлага өнөө үед  бүдгэрээд байгаад сэтгэл эмзэглэдэг юм.
Харин сүүлийн үед  тарвас тариалдаг ногоочид хэт их химийн бордоо хэрэглэдэг нь бага насны хүүхдүүд хүчтэй хордож, гэдэс нь гүйлгэж, шингэн алдах зовиур илэрч жил жилийн  зун, намрын  улиралд хүүхдийн эмнэлгийнхнийг зовоодог болсон.   
Бас манай тариаланчид сүүлийн үед хятадаас хувиараа бордоо худалдаж авдаг, бас дэлгүүрт химийн бордоо хяналтгүй зарж, тэндээс худалдан авч тарвасаа томруулдаг гэдэг нь тийм нууц биш. Ямартаа ч зарим ногоочид хоёр талбайтай, зарж ашиг олдог ногооных, өөрсдийн хэрэгцээнийх гээд тус тусдаа байдаг гэж албан бус эх сурвалжууд ярьдаг.
Сүүлийн жилүүдэд манай ногоочдын тарьж байгаа тарвас хэт том, олон өөр өнгөтэй болсон нь орос, хятад сорт, үрээр тарьдаг болсонтой холбоотой байх. Гэхдээ ахмад туршлагатай тариаланчдын шувууны сангас, малын бууцаар бордож ирсэн уламжлал цөөрөөд байгаа юм. Энэ нь цаг агаарын өөрчлөлт, дэлхийн уур амьсгалтай холбоотой ч байж магадгүй.
Нөгөө талаар  тарвас тариаланчид ургацаа хурдан зах зээлд гарган ахиу орлого олох нэрийдлээр химийн бордоо ашигладаг. Мөн хүнд жинтэй, том болгохын тулд их хэмжээгээр усладаг тухай зарим эх сурвалж  ч хэлдэг.
Үүнийг Ховд хотын зах дээр зарагдаж байгаа тарвасны төрлүүдээс харахад андашгүй. Хүүхдийн бөмбөг шиг хэмжээтэй байсан  тарвас томорч  одоо  волейволын бөмбөг шиг том болсон.

Нутгийн жирийн иргэн надтай уулзахдаа “Сүүлийн үед найз нөхөд, хот хүрээний ах дүүсдээ Ховдынхоо тарвас явуулахдаа эмзэглэх сэтгэл төрдөг, яадаг билээ гэдэс дотор нь эвдрэх вий гэж” айдаг болоод байна гэсэн юм. Энэ үгийг би олон хүнээс сонсож байгаа юм. Өөрөө ч тэгж боддог.
Тарвасанд хэрэглэдэг энэхүү химийн бордооны тухай Хятадын хэвлэлд “Тариаланчид тарвасандаа фосфорын бордоо зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхийн сацуу ургаж байх явцад нь “эстроген” гэх бодисыг ахиу тунгаар тарьчихдаг. Эдгээр бодис нь тарвасны хэмжээг богино хугацаанд томруулдаг боловч үүнийг идсэн бага насны охидын бойжилт түргэсч, хөвгүүдэд эм шинж төрх давамгайлж болох талтай. Мөн эдгээр бодис нь тарвасны амт чанарт ч ихээхэн нөлөөлдөг” хэмээснийг судлаач орчуулсан мэдээллийг уншсанаа заавал хуваалцмаар санагдлаа.

А.Бямбасүрэн
相关新闻