Аялагчид цөөрч, айлууд зуслангаасаа буцаж нүүж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-07-27 10:04:49
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн нутгаар энэ сарын  28-наас 08 дугаар  сарын 01-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээнээс үзэхэд 28,29,30-нд зарим газраар бороо орох төлөвтэй байна. 
Ихэнх хугацаанд 4-9м/с, зарим газраар 10-12м/с салхитай байна. Уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх төлөвтэй байгааг аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.
Ойрын өдрүүдэд тус аймгийн нутгаар  бороо татарч байгаа ч үе үе хүчтэй салхилж, өглөө, оройдоо сэрүүн уур амьсгалтай байна. Буянт голын зусланд гарсан зарим айлууд сэрүүн хүчтэй салхины улмаас байр, хашаандаа буцаж нүүдэл хийж байна.
Өдөртөө салхитай, бүрхэг үүлэрхэг байгаа учраас хүүхдүүд голын усанд сэлж, тоглох, голын эргээр аялж, амрагчдын тоо цөөрч байна.
Харин иргэдийн дунд бороо хур оройтож орсон хэдий ч урт налгар намар болж, малчдын зоо тэнийлгээсэй гэцгээж байна.
Наадмын маргааш намар гэдэг хэдий ч нар төөнөж хэт халахгүй сэрүүвтэр зуны өдрүүд үргэлжилсээр байна. Өнгөрсөн зуны өдий үед хэт их халуун өдрүүд үргэлжилж, хур тундас багатай байсан юм.
А.Бямбасүрэн

相关新闻