Спортын их наадамд Хэнтий аймаг гуравдугаар байрт оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙНАМЗХ-ноос Эрүүл Монгол Залуу бодлогын хүрээнд залуусыг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан дуудаж, спортыг амьдралынхаа хэвшил, хэв маяг болгох, залуус үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж багаар ажиллах орчин бүрдүүлэх зэрэг олон зорилгын дор “Эрүүл Монгол залуу-Эв нэгдэл”-ийн спортын их наадам анх зохион байгууллаа.
Энэхүү наадмын орон нутгийн анхан шатанд спортын 5 төрөлд давхардсан тоогоор 40000 гаруй залуучууд хамрагдсан бол нийслэл хотноо болсон 3-р шатны шигшээ тэмцээнд 900 гаруй тамирчид оролцон 414 багц медалийн төлөө өрсөлдөж аваргуудаа тодруулжээ.
Тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн шигшээ баг тамирчид спортын 5 төрлөөр авхаалж самбаа, хүч ухаанаа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан байна. Гар бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогч Дархан-Уул аймгийн Ц.Мөнхдөл, эмэгтэй шилдгээр Нийслэлийн А.Алтангэрэл, сагсан бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогчоор Хэнтий аймгийн О.Эрдэнэцогт, эмэгтэй шилдгээр Дархан-Уул аймгийн Б.Намуунзул нар тодорлоо.
Тус наадамд багийн дүнгээр Нийслэл хотын баг тамирчид 4 алт, 3 хүрэл нийт 30 оноогоор тэргүүн байр, Орхон аймаг 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл нийт 40 оноогоор хоёрдугаар байр, Хэнтий аймаг 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл нийт 43 оноогоор гуравдугаар байранд тус тус шалгарчээ.
Мөн Оюуны фитнесс шатрын төрөлд мөнгөн медалийн эздээр Хэнтий аймгийн тамирчид болох Г.Болорсан, Б.Энхбаяр нар шалгарчээ.
Спортын наадам, арга хэмжээ өөрийн бэлгэдэлтэй байдаг. "Эрүүл Монгол Залуу" Их наадмын бэлгэ тэмдэг нь айсуй мичин жил гарч буйг бэлгэдэн НАМЗХ-ны бяцхан сармагчин байсан аж.
О.Буянхишиг