Энэ жилийн наадамд 1000 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2018-07-11 15:35:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баяр наадмын өдөр сурын талбайгаар орж Үндэсний Их баяр наадмын сурын харвааны салбар хорооны зохион байгуулагч Б.Энхсайхантай уулзаж, сурын харвааны талаар тодрууллаа. 7 дугаар сарын  7-ны өдөр Урианхай сурын харваагаар эхэлж, 8-нд Буриад сур, 9-нд хүүхдийн харваа өндөрлөсөн. Үндэсний сурын харваа буюу Их сурын харваа 10-ны өдөр хана харваагаар эхэлж, өнөөдөр 11-нд хана харвааны 20 сум тавиад  байна. Дараагийн 20 сум буюу хасаа харваа одоо явж байна. Маргааш 12-ны өдөр шилдгүүд халз харваж  Улсын болон Дархан мэргэн тодорно гэв.
-Энэ жилийн Баяр наадамд хичнээн харваач оролцож байна?
-Энэ жилийн наадамд Урианхай, Буриад, хүүхдийн харваа гээд нийт 1000 гаруй харваач оролцон цэц мэргээ сорьж байна. Үндэсний сурын харваанд өнөөдөр 580 гаруй харваач цэц мэргээ сорьж байна. Өмнөх Урианхай, Буриад сурын харваанд 150-160  харваач нум эвшээлгэж сум тавьсан. Харваачдын тоо жилээс жилд өсч байна. Өнгөрсөн жилийн наадмын Их сурд 520 харваач оролцож байсан. Харваачдын тоо өсч байгаа нь нэг талаар сайн. Монголчууд сур харвахыг их сонирхох болсон нь ажиглагдаж байна. Яг тууштай харвахыг хүсч байгаа нь ч бий. Иймд бид шалгуур тавьж, баяр наадмын өмнө шинэ, залуу харваачдын дунд  тэмцээн зохион байгуулж  тэр дотроос наадамд харвах харваачийг шилж  авсан.
-Яаж шалгадаг бэ?
-Цол, зэрэггүй залуу харваачдын тэмцээнийг Монголын сурын холбооноос зохион байгуулсан. Нэг ёсондоо залуу болон сонирхон харваачид цол, зэрэг авах эрх олгодог тэмцээнд оролцдог. Тэдэнд оноо авах хязгаар тогтоож өгөөд шалгаруулдаг.
-Залуу харваачид болон сурын харваа сонирхогчдын тоо нэмэгдэж буй нь үндэсний спортоо сонирхож буйн илрэл үү?
-Үндэсний спорт гэдэг талаасаа, баяр наадмын нэг хэсэг гэдгээр хүмүүс сурын харвааг их сонирхож өргөн дэлгэрэх болж. Бөх, хурдан морины уралдааныг бодвол Төрийн баяр наадамд оролцох хамгийн боломжтой спорт нь сурын харваа болоод байна.
-Энэ жил их хуртай наадам болж байна. Сурын харваанд хэр нөлөөлөх үү?
-Хур бороотой үед нум, сум норох юм уу хатаж хатуурах зэрэг бэрхшээл гардаг. Нум нь сумаа барьж харвахад хэцүү болдог тал бий. Хэн нум сумаа тохируулж арга ухаан сийлж ямар арга техникээр харвана тэр хүн амжилт гаргана даа.
 
Б.Болд
 
 
 
相关新闻