Сэлэнгийн наадам урианхай сурын харваагаар эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-09 10:43:19
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 97, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадам өнөөдөр өглөө 09.00 цагт урианхай сурын харваагаар эхэллээ.
Баярын энэ өдөр урианхай болон буриад сурын харваа болох бөгөөд хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдаан болох юм. Харин маргааш буюу энэ сарын 10-ны өглөө 09.00 цагт наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болно. Энэ жилийн наадмын нэг онцлог нь улсын хэмжээнд хүүхэд хамгааллын даатгалын шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж, хураамжийг 100.000 төгрөг болгон эрсдэл учирсан тохиолдолд нөхөн олговорыг 20 сая төгрөгөөр тооцох болсон учраас унаач хүүхэд бүрийг 100 мянгаар даатган бүртгэл хийсэн байна. Мөн хурдан морины унаач хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, бүхий л мэдээллийг нь цахимд оруулж, картжуулан ажиллаж байгаа ажээ.
Энэ жил Сэлэнгэ аймаг үндэсний их баяр наадмын төсвөө 65 гаруй сая төгрөгөөр зохион байгуулахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсэн юм.
Ч.Отгонцэцэг
相关新闻