Их говийн тэмээний баяр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙМалчин удамт монгол хүн, тэр тусмаа говийнхонд маань тэмээ гэдэг тэнгэрийн амьтан даанч ойрхон. Таван хошуу малын хамгийн том, бадриун хэрнээ тунчиг уяхан зөөлөн энэ амьтны тоо толгойг өсгөх, үүлдэр угсааг нь сайжруулах, тэмээчдийн туршлагыг өөр хооронд нь солилцуулахад чиглэгддэг Их говийн тэмээчдийн баяр өнгөрөгч өдрүүдэд Алтай хотноо өргөн дэлгэр болж өнгөрлөө.
Тэмээчдийн баяр энэ жилийн тухайд баруун бүсийн хэмжээнд зохион байгуулагдсанаараа онцлог болж баярын өдрүүдэд тэнгэр хангай ч тогтуун налгар байлаа. Тэмээний баярын урьд өдөр УИХ-ын гишүүн Ц.Дашдорж тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын 17 дах Ерөнхий сайд асан Пунцагийн Жасрай агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Тэмээчдийн хүндэтгэлийн жагсаал аймгийн төв стадионд орж ирснээр баярын нээлтийн үйл ажиллагаа эхэлж тэмээний тахилгын галыг тулганд асааж тэмээний банзрагч ном айлтгаж АДБ-ийн “Алтай” чуулгын хуурч тэмээн хуураа эгшиглүүлснээр наранд ойрхон наадмын үйл ажиллагаа эхэлсэн. Энэ удаагийн тэмээчдийн баярт Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Увс аймгийн тэмээчид оролцлоо. Баярын үеэр уламжлалт арга хэмээнүүд зохион байгуулагдаж тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, үржлийн шилмэл ингэ, буур шалгаруулж тэмээ тэмээчин, говь нутгийн тухай дуу бүжиг, ерөөл магтаалын тэмцээнээс гадна цугласан олны харааг булаадаг сайхан тэмээтэй ганган хосын тэмцээнүүд боллоо. Үзэсгэлэн худалдааны тэмээний шилдэг сүүн бүтээгдэхүүний төрөлд Цээл сумын Бүрэнжаргалан багийн Б.Соёлмаагийн сүү сүүн бүтээгдэхүүний иж бүрдэл алтан медаль хүртэж тэмээний шилдэг ноосон бүтээгдэхүүний төрөлд Цогт сумын Баян-Өндөр багийн Х.Дэнсмаагийн ботгоны арьсан гутал шалгарч тэмээний шилдэг ганган хэрэглэлийн төрөлд Шарга сумын Сондуулт багийн Д.Долгоржавын тэмээний ганган хос хэрэглэл шалгарсан юм.
Мөн тэмээ, тэмээчин, говь нутгийн сэдэвт уран бүтээлийн уралдааны дууны төрөлд Тайшир сумын гурвал “Тэмээн сүргийн говь” дуугаараа тэргүүлж бүжиг, хөгжмийн төрөлд Халиун сумун “Эгшиглэн” хамтлаг “Ботгоны дуу” хөгжмөөр шалгарсан байна. Ерөөл магтаалын төрөлд Халиун сумын Д.Эрдэнэжаргал алтан медалийн тус тус хүртжээ.
Их говийн тэмээний баярын уламжлал болсон бас нэгэн арга хэмжээ бол үржлийн шилмэл буур, ингэ шалгаруулах арга хэмжээ байдаг. Энэ жилийн шилмэл буур шалгаруулалтанд 9 сумын 22 буур оролцсоноос шилмэл буураар Эрдэнэ сумын Өлзийт багийн Н.Нямсүрэнгийн улаан буур шалгарч, шилмэл ингэ шалгаруулалтанд 22 ингэ оролцож Цээл сумын Бүрэнжаргалан багийн С.Лхагваагийн хөх ингэ шалгарч алтан медаль хүртлээ. Мөн сайхан тэмээтэй ганган хосоор Чандмань сумын Өлзийбулаг багийн Д.Эрдэнэтуул, Д.Төгсбилэг нар хүү Доржнамжил, Доржпүрэв нарынхаа хамт шалгарсан бол буйл зорох тэмцээнд 19 малчин өрсөлдөж Цогт сумын Баян-Улаан багийн Ц.Наранхүү, бурантаг томох тэмцээнд Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Д.Мядагмаа нар тэргүүлсэн байна. Энэ жилийн хурдан ат, торомны тэмцээнд олон арван хурдан тэмээд хурд хүчээ сорьсноос хурдан атны уралдаанд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Д.Орхончулууны хөх ат түрүүлж, хурдан торомны уралдаанд Шарга сумын Б.Ганбаагийн хар тором түрүүлж наадамчин олноо баясгалаа.
Их говийн тэмээний баяр 2015 баруун бүсийн тэмээчдийн наадмын шилдгийн шилдэг тэмээчинд 10 лангийн мөнгөн буйлыг мөнгөн шагналын хамт гардуулсан юм. Энэхүү шагналыг Шарга сумын Хамтын хүч багийн тэмээчин, аймгийн сайн малчин, алтан ботгоны эзэн, 520 тэмээтэй Б.Дашмягмар хүртлээ.
Өндөр их Алтайд чуулсан тэмээчид, тэмээчдийнхээ зөвлөгөөнийг зохион байгуулж, тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, үүлдэр угсааг сайжруулахад төр засгаас хэрхэн анхаарч ажиллах ёстойг зөвлөлдөн ярилцлаа. Говь-Алтай аймагт Монгол Улсын тэмээн сүргийн 10 хувь нь байдаг бөгөөд Төхөм, Тунгалагийн хос зогдорт тэмээг улсдаа анх удаа үүлдрээр баталгаажуулж чадсан нь зөвлөгөөний үеэр яригдсан томоохон сэдвийн нэг байлаа.
Тэнгэрийн сүрэг тэмээний баярт сум багаараа хүрэлцэн ирж идэвх зүтгэл гарган оролцсон сумуудыг байр эзлүүлэн шагнаж урамшуулахад Шарга сум тэргүүн байрыг эзэлж Эрдэнэ сум дэд байранд шалгарч Тайшир, Чандмань, Есөнбулаг сумууд удаалсан юм. Мөн Өмнөговь, Ховд, Баянхонгор, Увс аймгийн тэмээчдэд талархал гардуулж баяр хүргэлээ. Их говийн тэмээний баярыг УИХ-ын гишүүн Цэдэвийн Дашдорж анх санаачлан зохион байгуулж эхэлснээс хойш 10 дахь жилдээ бүсийн баяр болж өргөн дэлгэр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн их говийн тэмээчдийн баяр 2015 баруун бүсийн наадам Монгол Улсын гавьяат жүжигчин Лосолын Болдаатар тэргүүтэй уран бүтээлчдийн “Түмэн жилдээ жаргалтай” уран бүтээлийн тоглолтоор өндөрлөж говийн эзэд болсон тэмээчид маань нутаг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол