Иран, Оросын оролцоо хэрэгтэйд санал нийлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕГЕРАН. /IRNA/. Сирийн хямралыг шийдэхэд Иран, Орос оролцох шаардлагатай талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нар санал нийлсэн гэж Их Британийн Засгийн газраас мэдэгдэв.
Хоёр удирдагч утсаар ярьж, өргөн хүрээний асуудлууд хэлэлцсэн байна.
“Сирийн асуудлыг шийдэх явцыг улс төрийн хүрээнд үргэлжлүүлж, үүнд Иран, Оростой хамтран ажиллах нь чухал талаар Кэмерон, Обама нар санал нийлсэн” гэж мэдэгдэлд бичжээ.
“Лалын улс”-тай тэмцэж буй Вашингтон тэргүүтэй эвсэлд туслахын тулд Их Британи илүүг хийхэд бэлэн гэж Кэмерон Обамад хэлсэн байна.
“Сири дэх “Лалын улс”-д цохилт өгөхөөр Их Британийн илгээж буй “Tornado” байлдааны нисэх онгоцны тоог нэмж, “Typhoon” сөнөөгч онгоцны шинэ дивиз илгээх гэж буй талаар Ерөнхий сайд тайлбарласан. “Лалын улс”-тай тэмцэх дэлхий дахины эвсэл байгуулах кампанит ажлыг Их Британи дэмжиж байгаа” гэж мэдэгджээ.
Террористуудтай тэмцэж буй агаарын цэргийн кампанит ажлаа Сири лүү тэлсэнд Обама баяр хүргэж, “Лалын улс”-ыг бүр мөсөн устгахад Их Британи чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэмдэглэв.
Х.Аминаа