Буянт баг "ухаалаг" худагтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-07-05 19:43:41
Ховд /МОНЦАМЭ/ "Ховд Хөшөөт хөгжил сан"-гийн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын Буянт баг картаар үйлчилдэг "Ухаалаг худаг"-тай боллоо. Тус "Ухаалаг худаг"-ны давуу тал нь байнгын ажиллагаатай камерын хяналтын системд холбогдсон бөгөөд иргэд 24 цагийн аль ч үед усаа авах боломжтой юм. 
Энэ худгийг ашигласнаар бүс нутгийн усны зарцуулалт, хүн амын ундны усны хэрэглээний нэгдсэн мэдээллийн сантай болох боломжтой бөгөөд төлбөрийн нарийвчилсан систем, тоног төхөөрөмжийн ажиллагаа сайжирснаар усны үргүй зардал буурч хэмнэлт гарах ач холбогдолтой ажээ.
Энэхүү ухаалаг худагны картыг Буянт багийн 80 гаруй айл болон Жаргалант сумын өрх айлууд  хэрэглэх боломжтой. Иргэд картын дугаараа бүртгэлжүүлэн энэ оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ашиглаж байна. 
Мөн ухаалаг худгийн ашиглалт үйлчилгээг “Шим-ус” ОНӨААТҮГазарт хариуцан ажиллуулах бөгөөд худгийн өмч хөрөнгө, тоног төхөөрөмжийг хамгаалж, иргэний үүргээ биелүүлж байхыг уриаллаа. Цаашид хүн ам болон бэлчээрийн усан хангамж сайжруулах чиглэлээр гаргах худаг, уст цэгийг дэвшилтэт технологи нэвтрүүлсэн нар, салхины эрчим хүч ашигласан шийдлээр хийхээр төлөвлөн ажиллаж байна. 
 

А.Бямбасүрэн

相关新闻