Ирак ОХУ-аас тусламж хүсэж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАГДАД. /Sputnik/. Турк Иракийн бүрэн эрхт байдлыг зөрчихийг оролдвол ОХУ-аас тусламж хүсэж магадгүй гэж Иракийн парламентын аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны дарга Хаким аль-Замили мэдэгдэв.
Турк 130 цэргээ Иракийн хойд нутаг руу илгээсэн тухай мэдээлэл хэд хэдэн удаа гарсан билээ. Мосуль хотын ойролцоо байрлаж байгаа Туркийн хүчин нь “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байгаа Курдын хүчнийг бэлтгэх даалгавартай аж.
Иракийн эрх баригчдын зөвшөөрлийг аваагүй Туркийн энэ үйлдэл Иракийн бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчиж байна гэж Багдад үзсэн байна.
Хэрвээ Туркийн цэргүүд Иракийн нутаг дэвсгэрээс яаралтай гарахгүй бол цэргийн арга хэмжээ авна гэж Хаким аль-Замили Туркт сануулжээ. Мөн тэрбээр, бидэнд мэдэгдэлгүйгээр Турк цэргүүдээ Ирак руу илгээсэн гэж мэдэгдсэн байна.
Ниневе мужаас танк, их буу зэрэг цэргийн хүчнээ яаралтай буцаан татахыг Иракийн Ерөнхий сайд Хайдер Абади Туркээс шаарджээ. Харин Иракийн Ерөнхийлөгч Фуад Масум, энэ нь олон улсын хуулийг зөрчсөн хэрэг юм гэж мэдэгдээд, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг Турк улсаас хүссэн байна гэж “al-Sumaria” телевиз мэдээлэв.
Д.Нямтулга