Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагчдыг тус бүр нэг сая төгрөгөөр урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-05 09:25:15
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авч үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан хоёр сурагчийг тус бүр нэг сая төгрөгөөр урамшууллаа.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2-р сургуулийн сурагч Н.Хатан-Эрдэнэ, Сайхан сумын Номгон тосгоны дунд сургуулийн сурагч А.Энх-Эрдэнэ нар элсэлтийн ерөнхий шалгалтдаа 800 оноо авч үе тэнгийнхнээ манлайлсан юм. Сурлагын амжилт гаргасан энэхүү хоёр сурагчдаа аймгийн Засаг дарга тус бүрт нь нэг сая төгрөгийн батламжийг сурах их үйлсэд нь урам дэм болгон энэ сарын 4-ний өдөр гардуулж өглөө.
Сурагч Н.Хатан-Эрдэнэ МУИС-ийн Олон улсын харилцаа, А.Энх-Эрдэнэ МУИС-ийн мэдээллийн системийн ангид суралцахаар сонгон авчээ. Хоёр охин маань хоёулаа Монгол хэлний хичээлээр 800 оноо авсан байна. Аймгийн Засаг дарга хүүхдүүдийнхээ сурч мэдэхэд дэм өгч байгаа энэхүү урамшууллаа цаашид ч үргэлжлүүлэн 800 оноо авсан хүүхэд бүрт олгох болно хэмээн аймгийн Засаг дарга хэллээ. Энэхүү урамшууллыг авах хүүхдийн тоог нэмэгдүүлэхэд нийт багш сурган хүмүүжүүлэгчид анхаарч ажиллахыг аймгийн дарга захьсан юм. Эл аймгийн Засаг даргын урамшууллыг өнгөрсөн жил мөн хоёр хүүхэд авч байжээ. Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 6856 хүүхэд ЭЕШ-д бүртгүүлж, 6629 хүүхэд шалгалтад орсон байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻