Т.Хандсүрэн: Би сонирхолдоо хөтлөгдөөд том оврын өөрөө буулгагч машин барьж сурсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-03 17:52:53
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Эмэгтэй хүнд ахадсан гэмээр том оврын хово, ковш машиныг таван жил жолоодож буй чадварлаг бүсгүй Т.Хандсүрэнтэй ажил хөдөлмөрийнх нь тухай онцлон ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн, сайн байна уу. Намайг Төмөрбаатарын Хандсүрэн гэдэг. Би эхээс гурвуулаа, айлын ганц охин болохоороо ч тэр үү их эршүүд өссөн. Арван жилээ Улаабаатар хотод төгсөөд аавынхаа хүсэлтээр аймагтаа ирж Анагаах ухааны коллежид Эх барих бага эмчийн мэргэжлээр 3 жил суралцан төгссөн. Төгсөхдөө гэр бүлтэй болж нутагтаа суурьшсан даа. Одоо нөхөр хүүгийн хамт амьдардаг.
 
-Өөрийг тань манай аймагт ховорхон байдаг хүнд даацын машин барьдаг эмэгтэй гэдгээр онцлон ярилцаж байгаа. Том машиныг хэзээнээс барьж эхлэв. Яагаад заавал том оврын машин барих болов?
-Би том машин барьж сураад 5 жил болж байна. Намайг анх унаж сурч байхад манай аймагт нэг эгч нөхөртэйгээ хамт том машин барьдаг байсан. Одоо гэр бүлээрээ хотруу шилжсэн болохоор хүнд даацын машин барьдаг эмэгтэй хүн надаас өөр байхгүй. Анх хово машин аваад дотор нь сууж явахад хамаргүй бас өндөр болохоор эхэндээ их айдаг нүдээ аниад л нөхрийнхөө хажууд суугаад явдаг байлаа. Тэгээд нэг өдөр чи унаж сурах уу гээд л ханийнхаа хажууд хэсэг унаж байгаад ганцаараа бие дааж унадаг болсон. Би техникт их сонирхолтой. Тиймээс сонирхолдоо хөтлөгдөөд хурдан барьж сурсан. Ер нь дадлагаар сурсан жолооч гэх үү дээ. 
 
-Хүмүүс таныг Хово, нөхрийг тань Ковш машинаа бариад л явдаг гэж ярьдаг юм билээ?
-Тийм ээ. Том машинтай хүмүүс зуны улиралд байшин барилга барьж байгаа газар хайрга шороог нь зөөж өгөхөөр өглөө эрт 5 гээд л ажилдаа гарцгаадаг. Манай нөхөр ковшоо, би ховогоо унаад л явна шүү дээ. Өөрөөр хэлбэл манай хүн авто ачигч буюу ухаад ачдагийг нь, би том оврын өөрөө буулгагч ачааны машинаа унадаг гэсэн үг л дээ. Бид өнгөрдөг жил Алтайгаас Ховдын чиглэлд тавигдсан зам дээр ажиллаж байсан. Аймгийн төвөөс 40-өөд км зайтай байрлах кемпэд том машинаа унаад гурван сар ажилласан. Ажил гарсан тохиолдолд нөхөр бид 2 шөнө хүртэл машинаа унаад л гарна шүү дээ.
 
-Хүмүүсийн дуу алдан гайхсан харцанд  их   ээрэгддэг   болов уу?
-Ер нь хүмүүс эхэндээ их гайхдаг л даа. Манай аймгийнхан ч гэсэн эхлээд мэддэггүй байсан, одоо бол дандаа том машин унаад явж байдаг болохоор хараад сурчихдаг юм уу бараг мэдэхгүй хүн гэж байдаггүй шүү дээ. Тэр дундаа барилгын болон замын компанийн хүмүүс андахгүй таньдаг болсон байна лээ. Зам дээр ажиллаж байхад Хятадууд их гайхдаг байлаа.
 
-Нэлээд содон харагддаг том машин барихын сайхан зүйл нь юу вэ?
-Гоё, сайхан, давуу тал их шүү дээ. Том машинаа унаад л салхи  татуулаад явахад хажуугаар өнгөрч байгаа хүмүүс хөөх эмэгтэй хүн байна гээд хуруугаараа заагаад өнгөрөх нь бахадмаар ч юм шиг санагддаг.
 
-Эмэгтэй хүн хүнд даацын машин барих хэцүү гэсэн хандлага хүмүүсийн дунд байдаг. Хүндрэл бэрхшээл тулгардаг уу?
-Ер нь хүн нэг сурчихвал дадал болчихдог. Энгийн механик машин 5 араатай бол хово машин хөнгөн 6, хүнд 6 гэсэн 12 араатай байдаг. Тэгэхээр хүмүүс хэцүү биш үү, араандаа хийх гэж будилдаг уу гэж их асуудаг. Том машины нэг хүндрэл нь болгоомжтой барихгүй бол хажуу тийшээ унах аюултай байдаг. Түүнээс айхтар хүнд зүйл байхгүй л дээ.
 
-Машинд эвдрэл гэмтэл гарах үе бий байх. Тухайн үед ямар арга хэмжээ авдаг вэ?
-Машинд мэдээж эвдрэл гэмтэл гарна. Наад зах нь дугуй хагарах гээд л. Тэр том дугуйг засахад ойролцоогоор 1-2 цагийн хугацааг зарцуулдаг. Энэ хугацаанд хараад сууж чаддаггүй нөхөртэйгээ хамтдаа л шороо тостой хутгалдаад л явдаг.
 
-Таныг одоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байгаа гэж сонссон. Цаашид том машин барихаа болино гэсэн үг үү?
-Сүүлийн үед ах дүүс, ойр дотныхондоо жаахан эмэгтэйлэг бай, тэр том машины дугуй түрээд л юу хийгээд явж байдаг юм гэх мэтчилэн нэлээд зэмлүүлээд байгаа. Би эх баригч эмч мэргэжлээр төгсөөд 7 жил болсон байна. Аавынхаа хүсэлтээр эмч болсон болохоор хүсэлтийг нь биелүүлж мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй болоод байгаа. Тэгээд өнгөрсөн өвөл хотод лицензнийхээ шалгалтыг амжилттай өгөөд одоо гардангийнхаа шалгалтанд бэлдэж байна. Хэчнээн эмч болсон ч гэсэн машинаа орхихгүй. Унах үедээ унаад л явна даа.
 
-Ярилцлагын төгсгөлд том оврын хүнд даацын машин барьж сурах сонирхолтой бүсгүйчүүддээ хандаж зөвлөгөө хүргэвэл?
-Ямар гоё юм бэ, чам шиг ингээд машинаа барьж сурах юмсан гэдэг хүмүүс зөндөө байдаг. Ямар ч машин унахад чаддаг хүн хажууд сууж явах хамгийн хэцүү. Тэр дундаа нөхөр эсвэл ойр дотны хэн нэгэн хүн байхаар тэгсэнгүй, ингэсэнгүй, заагаад байхад гээд л улам сандаргах түүнээс болж айх эмээхэд хүрдэг. Тиймээс ерөнхий мэдэж авах ёстой зүйлээ заалгаад л өөрөө бие дааж сурвал хурдан бас амархан сурдаг. Ер нь суръя гэсэн сонирхолтой хүн эрэгтэй, эмэгтэй гэлтгүй сурчихдаг юм даа. 
 
Э.Нарангэрэл 
 
相关新闻