Хэрлэн сумын ИТХ-ын 10-р хуралдаан иргэдэд нээлттэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-06 22:10:32

Хэнтий аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын 10-р хуралдаанаас бэлтгэсэн багц мэдээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн Х хуралдаан аймгийн иргэний танхимд нийт төлөөлөгчдийн 68 хувийн ирцтэй зохион байгуулагдаж,  2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийн тухай, 2016 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж батлах, Багийн хилийн цэс тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

 Энэхүү хуралдаанд Хэрлэн сумын ИТХ-ын дарга А.Энхбаяр, нарийн бичгийн дарга З.Энхболд, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Н.Базарханд, ЗДТГ-ын дарга Т.Бямбабаатар, Архитектор Б.Энхтайван, Газрын даамал З.Урангоо, Хэрлэн сумын төвийн 6 баг, 2 тосгоны БИНХ дарга, Багийн засаг дарга нар, иргэдийн төлөөлөл зэрэг 60 гаруй хүн оролцов. Энэ удаагийн хуралдаан иргэдэд нээлттэйгээр явагдсанаараа онцлог байлаа.

Хуралдааны үеэр Хэрлэн сумын ИТХ-ын ажлын албанаас “Төрийн үйлчилгээний  чанар хүртээмжийг сайжруулах,  ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах” зорилгоор Сумын 8 багийн 650 гаруй өрхийн дунд явуулсан санал асуулгын дүнг төлөөлөгчдөд танилцууллаа. Тус судалгаанаас дараах дүгнэлтүүдийг гаргажээ.

 

Судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь төрийн үйлчилгээний чанар хүртээмжид “тааруухан” үнэлгээ өгчээ

Энэ үеэр иргэд өөрсдөдөө ямарваа нэгэн асуудал тулгарсан тохиолдолд л сумын ИТХ болон багтаа ханддаг болох нь харагдаж байгаа бөгөөд өргөдөл гомдлын шийдвэрлэлт 63 хувьтай байна. БИНХ болон сумын ИТХ, түүний тэргүүлэгчдийн хурлаас гарч байгаа тогтоол шийдвэрүүдийг иргэдэд хүргэх талаар баг, БИНХ, сумын ИТХ тодорхой ажлуудыг зохион байгуулах шаардлагатай байна. Сумын нутаг дэвсгэрт төрийн үйл ажиллагааг иргэдэд хүргэж байгаа албан хаагчид өөрсдийн зан харилцаа, үйлчилгээний чанар, соёл зэргийг анхаарах шаардлагатай. Байгаа дутагдалдаа дүгнэлт хийж ажиллах хэрэгтэй нь харагдаж байна.

Иргэдийг төлөөлөх эрхэм үүргийг өөртөө хүлээсэн ард түмний элч ИТХ-ын эрхэм гишүүд сонгогдсон л бол боллоо гэсэн сэтгэлээр эргээд иргэдтэйгээ харилцдаггүй, үүргээ биелүүлдэггүй болох нь санал асуулгаас тодорхой боллоо. Үлдсэн багахан хугацаанд ч гэсэн үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай. Байгаль орчныг хамгаалах ажил зөвхөн компанит ажлаар эсвэл өөрийн хашаандаа мод тарих, хог цэвэрлэх төдийгөөр хязгаарлагдаж байгаа нь харамсалтай. Цаашид баг, сумын хэмжээнд зохион байгуулж байгаа ажлаа сурталчлах, иргэдийг мэдээллээр хангах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай зэрэг асуудлыг хэлэлцэв. Мөн өрхийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, цаг ашиглалт, үйл ажиллагааны зохион байгуулалтыг дээшлүүлэх, иргэдэд хүрч ажиллах, харилцааны зөв арга барилтай иргэдээ хүндэлж хамтран ажиллах шаардлагатай гэдгийг иргэдийн гаргасан санал дүгнэлтээс харж болохоор байв.

Эмч нарын цаг ашиглалт, үйлчилгээний зохион байгуулалт, ажлын чанар үр дүнгийн талаар анхаарал татахуйц дутагдлыг иргэд харж шүүмжилж байгаад дүгнэлт хийж ажлаа сайжруулах ёстойг харуулж байна.

Иргэдийн саналаар сургууль цэцэрлэгийн үйлчилгээний сэтгэл ханамжийн хувьд боломжийн хэмжээнд үнэлгээ өгч байгаа хэдий ч зарим талаар цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу, анги дүүргэлт их, хандив нэрээр мөнгө хураах дутагдал ихээхэн илэрсэн байна. Тиймээс сайн талаа улам зүлгэж өнгө оруулах, дутагдалдаа дүгнэлт хийж давтахгүй байхад анхаарах хэрэгтэй. Энэ нь ИТХ, баг хамтран иргэдийг идэвхжүүлэх, тэднийг нийгмийн амьдралд татан оруулах, залуучуудад хандсан, тэднийг сургалтад хамруулах зэрэг үйл ажиллагаа үнэхээр үгүйлэгдэж байгаад анхаарал хандуулж, зорилтот бүлэгт хандсан ажлуудыг зохион байгуулах шаардлагатай нь харагдаж байна. Иймд цаашид ийм төрлийн ажил иргэдэд хэрэгцээтэй, тэднийг нийгмийн идэвхтэй иргэн болоход тус дэм болохоор байсныг онцолж байлаа.

Мөн иргэдээр өөрсдөд нь болон багийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлуулахыг зорилоо. Зарим иргэд үнэхээр хэрэгцээтэй асуудлуудыг олж харж байгаа хэдий ч ихэнх иргэдийн хувьд бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлсан, хэтэрхий жижиг зүйлийг нэхсэн байдалтайгаар асуудалд хандсан нь өнөөгийн эдийн засгийн хямралтай холбоотой байх тал бий ч иргэдийн сэтгэлгээ, хандлагад өөрчлөлт хийх хэрэгтэй, хамтарч ажиллах хэрэгтэй болсныг Хэрлэн сумын ИТХ-ын ажлын албанаас онцоллоо.

О.Буянхишиг

相关新闻