Бадын тойромд 150 орчим харваач цэц мэргэнээ сорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-07-03 10:42:25
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Эрдэнэсант суманд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Бадын бөөрийн шагайн тойром”-д энэ жил таван аймгийн 22 багийн 150 орчим харваач оролцов. 

 Тэмцээнд Төв, Өвөрхангай, Архангай, Булган, Баянхонгор аймаг болон Улаанбаатар хотын 22 багийн 150 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос тэргүүн байрыг аймгийн А.Ганхуяг ахлагчтай “Монгол туургатан театр”-ын баг хүртэв. Дэд байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай “АПУ” ХХК-нийн баг, удаах байрыг Монгол Улсын хошой мэргэн Р.Ганбат ахлагчтай Эрдэнэсант сумын баг тус тус эзэлсэн байна.

Шагайн харваа нь хүнийг аливаа зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй байх зэрэг чадварт сургадаг бөгөөд түүнд байх ёстой зайлшгүй чанар бол тэвчээр, мэдрэмж байдаг гэж зохион байгуулагчид онцолсон юм.

Хувийн цуваа харвааны төрөлд тэргүүн байрыг Эрдэнэсант сумын харваач, аймгийн гоц мэргэн Х.Батдорж, дэд байрыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харваач н.Нямхүү, удаах байрыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харваач, Монгол Улсын гарамгай мэргэн н.Мөнхзаяа нар эзэлжээ.

Мөн халхын их тойрмын үеэр хүчит бөхийн барилдаан зохион байгуулагдаж аймгийн начин Д.Сугар түрүүлж, Д.Цагаанбямба үзүүрлэсэн юм.
Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн халхын их тойром энэ жил 413 дахь жилтэйгээ золгож байгаа ажээ.

Т.Есүхэйтөмөр
相关新闻