Дуут сумыг Ховд хоттой холбох замын ажил явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-07-01 14:36:11
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Дуут суманд Ховд хот болон Дуут сумыг холбосон сайжруулсан замын ажил хийгдэж байна. Дуут сум нь далайн түвшнээс дээш дунджаар 2800 метрийн өндөрт оршдог бөгөөд хамгийн өндөр цэг нь Хөх хавцлын хяр, хамгийн нам нь Цагаан бургасны голын Морин замын уулзвар ба сумын төв нь далайн түвшнээс 2400 метр өндөрт оршдог Монгол Улсын хамгийн өндөрт байрладаг суурин газар юм.
Ийм учраас Ховд аймгаас Дуут сумын төв хүрэх зам хад чулуу ихтэй, иргэд зорчиход их төвөгтэй. Ховд аймгийн хэмжээнд авто засмал замтай холбогдоогүй ганц сум гэж хэлж болно.
Тэгвэл өнгөрсөн  оны  Аймгийн ИТХ-ын шийдвэрээр Дуут суманд  сайжруулсан зам тавихаар болсон байна. Уг замын тендерт  АЗЗА ТӨХК  ялж Ховдоос Дуут хүртэлх 65 км замыг засаж, сайжруулсан зам тавьж байна. Зам засварын ажил энэ сарын 30 хүртэл үргэлжлэх юм байна. Одоогийн байдлаар хамгийн төвөгтэй, хэцүү хэсгийг засварлаж дуусаад байгаа юм. Ховд АЗЗА ТӨХК-ний талбайн инженер Б.Рэнцэн тус сумын замын ажлын талаар “Замын ажлыг заасан хугацаанд нь дуусгахыг хичээж ажиллаж байгаа. Хад чулуу ихтэй, бартаатай хэсгийг засаж, зарим хэсэгт чулуу тавьж өндөрлөсөн” гэв.
Харин Дуут сумын Засаг дарга А.Энхбаяр “Амралт, зугаалгын улирал эхэлмэгц Дуут суманд байрлах Нэвтийн амралт руу явах иргэдийн цуваа тасардаггүй. Гэхдээ сайжруулсан замгүй, бартаа ихтэй гэдэгт иргэд, амрагчид шүүмжлэлтэй хандаж байсан бол тун удахгүй Нэвтийн амралт руу таатай, тухтай замаар явах боломжтой болж байна” гэж байна.
Нэвтийн амралтаас Дуут сумын төв хүртэлх зам хөл хөдөлгөөн багатай, зарим хэсгийг нь өргөсгөх боломжгүй, бусад хэсэг нь 4,5 метрийн өргөнтэй, 2 машин зөрөх боломжтой байхаар засаж байгаа аж.
Замын бүтээн байгуулалтын ажлаас гадна байгаль орчноо хамгаалах, сумын өнгө төрхийг сайжруулах зорилгоор байгаль орчноо цэвэрлэх ажлыг  орон нутгийн хөгжлийн сангийн тусламжтайгаар хоёр га газарт хийж гүйцэтгэсэн байна.
А.Бямбасүрэн
相关新闻