Үйлдвэрлэл, уурхайд ашиглаж байгаа усны хэрэглээний хяналтыг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-28 16:56:10

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн зүүн уурхайн бүс нутагт үйлдвэрлэл, уурхайд ашиглаж байгаа усны хэрэглээний хяналтыг сайжруулна. Энэ сарын 26, 27-нд Цогтцэций, Ханбогд сумдад болсон "Үйлдвэрлэл, уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаа усны хэрэглээ, түүнд тавих хяналт" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид ийн санал нэгдлээ.

Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 15 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг Даланзадгад, Цогтцэций, Гурвантэс, Ноён, Ханбогдод "Үйлдвэрлэл, уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаа усны хэрэглээ, түүнд тавих хяналт" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг хэсэгчлэн зохион байгууллаа.  Цогтцэций, Ханбогд сумдад болсон уг нээлттэй хэлэлцүүлэгт малчид, иргэд, уул уурхайн компаниудын төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд оролцсон юм.
Уул уурхайн компаниуд усны хэрэглээний талаар мэдээлэл өгч, иргэд уул уурхайн сөрөг нөлөөлөл, тоосжилт, усны хомсдлын талаар санал бодлоо хэлж, аймаг орон нутгийн удирдлагууд усны зөв зохистой хэрэглээ, түүнд тавих хяналтыг сайжруулах талаар асуудал, шийдлийг хэлэлцлээ. 
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлогын хүрээнд уул уурхайд ашиглаж байгаа усны хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах, малчид иргэдийн санал бодлыг уул уурхайн компаниуд сонсож хамтран ажиллах, бэлчээрийн усан хангамжийг бодитойгоор нэмэгдүүлэхэд тэд онцгой анхааран ажиллахаар санал нэгдлээ. 

Д.Мишигсүрэн

相关新闻