Соёлын биет бус өв их наадмын анхан шатны шалгаруулалтад Дөргөн сум тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-28 10:03:41
Ховд/МОНЦАМЭ/ “Соёлын биет бус өвийн их наадам”-ын хаалтын үйл ажиллагааг аймгийн төв талбайд зохион байгууллаа. Үүнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нар оролцож, Соёлын Биет Бус Өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх үйлсэд идэвх санаачлагатай оролцож байгаа нийт ардын авъяастнуудад талархал илэрхийлж, мэндчилгээ дэвшүүллээ.
“Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтад тус аймгийн 17 сумаас соёлын биет бус өвийг өвлөн тээгч, уламжилж авч явж байгаа ардын авьяастнуудын төлөөлөл 300 гаруй хүн оролцсон юм.
Тус наадмаас Ховд аймгийн сум тус бүрээс шилдэг 25 соёлын өв тээгч шалгаран хоёр дахь шатны шалгаруулалтад аймгаа төлөөлөн оролцох эрхтэй болж, батламж гардан авав.
Мөн “Соёлын биет бус өвийн их наадам”-ыг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцийн зарчмыг баримталж “Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд”, “Гар урлал”, “Язгуур урлаг”, “Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан”, “Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам” гэсэн соёлын биет бус өвийн 5 төрлөөр зохион байгуулж, нэгдмэл, цул байдлаар ардын авьяастнуудыг шалгарууллаа. Багийн нийт дүнгээр тэргүүн байранд Дөргөн сум, хоёрдугаар байранд Жаргалант сум, гуравдугаар байранд Дуут сум, тусгай байранд Зэрэг сум тус тус шалгарч, аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал гардлаа.
Аймгийн Засаг дарга Д.Галсандондог, “Соёлын биет бус өвийн их наадам” нь соёлын биет бус өвийн 5 ай савын хүрээнд эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан, уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, гар урлал, язгуур урлагийг хөгжүүлэх, олон нийтийн идэвх оролцоог хангаж, соёлын өвийг уламжлагч, сонирхогчдын хүрээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээн шагнал гардуулах үеэрээ хэлсэн юм.
Тус наадмын хоёр дахь шатны шалгаруулалт ирэх наймдугаар сарын 11-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

                                                                                                                                                 А.Бямбасүрэн
相关新闻