Германчууд нутаг буцахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-06-28 02:44:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий F хэсгийн хоёр тоглолт энэ шөнө /2018.06.27/болж, хасагдах шатанд өрсөлдөх хоёр багаар Мексик болон Швед улсын шигшээ багууд тодорч Германы шигшээ багийг гэрт нь буцааж энэ удаагийн ДАШТ-ий хамгийн том шуугианыг дэгдээлээ.

 

Казань хотын “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд БНСУ, Германы шигшээ багийн тоглолт болж, “Герман машин”-ыг Өмнөд солонгосчууд 2:0-ээр хожиж германчууд нутаг буцахаар боллоо.

 

Энэ хоёр багийн тоглолтод германууд 90 минутын турш олон удаа оролдлогууд хийж өрсөлдөгчийнхөө хаалга руу цөөнгүй цохилт хийсэн ч өмнөд солонгосын хаалгач маш сайн хамгаалж гоол оруулах боломж олгосонгүй.



 

Харин нэмэлт 6 минутад БНСУ-ын Ким Юнь Гван болон Сун Хин Мин нар дараалан гоол оруулж  /90+6/ энэ ДАШТ-ий хамгийн том дуулианы эзэд боллоо. ОХУ-д аваргаа хамгаалахаар ирсэн Германы шигшээ баг тун муу тоглож, 80 жилийн дараа анх удаагаа шөвгийн 16-д үлдэж чадалгүй нутаг буцахаар боллоо.



 

Харин энэ тоглолттой зэрэгцэн Швед,  Мексик улсын шигшээ багуудын хэсгийн сүүлийн тойргийн тоглолт энэ үдэш Екатеринбург хотод болж Шведын шигшээ баг 3:0-ээр хожиж, хасагдах шатанд үлдлээ.

Энэ тоглолтын 50 дахь минутад Людвиг Аугустинссон  /Классон Викторын дамжуулалтаар/ анхны гоолыг оруулсан бол 62 дахь минутад Гранквист Андреас хоёр дахь гоолыг хийсэн. Харин 74 дэх минутад Мексикийн Альварес Эдсон авто гоол хийж шведчүүд 3:0-ээр ялалт байгууллаа.

Д.Өлзий

相关新闻