Саудын Арабын шигшээ, Египетийн шигшээг 2:1-ээр хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-06-26 02:06:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн ДАШТ-ий А хэсгийн Саудын Араб- Египетийн шигшээ багуудын халз тоглолт Волгоград хотноо өчигдөр 22 цагаас “Волгоград арена” цэнгэлдэх хүрээлэнд болж Саудын Араб 2:1-ээр хожлоо.

Энэ тоглолтын эхний гоолыг Египетийн
Мохамед Салах 22 дахь минутад хийсэн бол Саудын Арабын Аль-Фарадж 45+6 минутад торгуулийн цохилтоор тэнцээний гоолыг оруулсан юм.
Харин сүүлийн хагаст хоёр баг гоол оруулалгүй үндсэн цаг 90 минут дуусч, шүүгч нэмэлт 5 минут өгсөн бөгөөд энэ цаг дуусах мөчид Аль-Давсари хожлын гоолыг оруулснаар
Саудын Арабын шигшээ 2:1-ээр Египетийн багийг яллаа.  

Египет улсын шигшээ багийн дасгалжуулагч Э.Купер энэ тоглолтонд ДАШТ-ий түүхэнд хамгийн ахмад настай буюу 45 нас 5 сартай Египетийн хаалгач Эссам Эль-Хадариг талбайд гаргасан нь нэгэн дээд амжилтыг тогтоолоо. Тэрбээр энэ тоглолтонд 11 метрийн торгуулийн цохилтыг хааж чадсан нь гайхалтай байв. Ийнхүү Египетийн хаалгач Эссам Эль-Хадари өөрийн ур чадвараа харуулж үзэгч олны талархалыг хүлээсэн юм. Египетийн шигшээ багийн хувьд ДАШТ-ээс  хожил авч чадаагүй ч ОХУ, Саудын Арабын хаалганд тус бүр нэг гоол оруулж амжсан билээ.

Д.Өлзий   

相关新闻