Зөрчлийн тухай хуулиар 79 саналын томъёолол хэлэлцүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-04 16:20:31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цоо шинээр батлагдан гарах гэж буй Зөрчлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Зөрчлийн тухай хууль нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны хариуцлагын тухай хууль болон холбогдох бусад 210 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг нэгтгэн төрөлжүүлж, нэг багц болгосноороо онцлогтой. Мөн Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй зөрчлийн шинжтэй зарим үйлдлийн давхардлыг арилгах хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тодорхой үйлдэл, эс үйлдлийг зөрчилд тооцож, зөрчлийн шинжийг тодорхой болгох, торгуулийн хэмжээг товч тодорхой зааж өгөх зэрэг олон зорилгоор уг хуулийг боловсруулсан.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдээс 70 гаруй санал гарсныг төсөлд нэмж тусган, өнөөдрийн хуралдаанаар санал хураалгалаа. Тухайлбал шинээр зөрчилд тооцсон, шийтгэлийг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх зэрэг зарчмыг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн хуулийн төслийн тусгай ангид заасан хэмжээгээр эрх бүхий албан тушаалтнаас оногдуулах мөнгөн төлбөрийг торгох шийтгэл гэж тодорхойлж, торгох шийтгэлийн нэг нэгж нь 2000 төгрөгтэй тэнцүү байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Түүнчлэн зөрчилд оногдуулах эрх хасах шийтгэлийн хугацааг зургаан сараас хоёр жил хүртэл байсныг гурван сараас хоёр жил хүртэл болгож өөрчлөх, хуулийн дагаж мөрдөх хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоох зэрэг төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулж, зарчмын зөрүүтэй саналыг нэмж боловсруулсан байна.

Гишүүдийн хувьд шийтгэлийг хэн оногдуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн хариуцлагын хэсэг нь энэ хуульд бүрэн тусгагдсан эсэх, шийтгэлийн давхардал байгаа эсэхийг тодруулахын сацуу эрүүл мэндийн салбар дахь урамшуулал, зуучлалын асуудлыг  хуулийн төсөлд дутуу тусгасанд шүүмжлэлтэй хандаж байв.

Үүний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 79 саналын томьёоллоор санал хураалгаж эхлэв. Саналуудын дотор “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих” гэсэн зүйл нэмж түүнд, Согтууруулах ундааны үйлдвэрлэл шинээр эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, эсхүл худалдаа үйлчилгээнд улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаагүй, чанар аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, тохирлын гэрчилгээгүй согтууруулах ундаа нийлүүлсэн бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна”, “Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулсан, эсхүл цалин хөлс орлуулж олгосон, эсхүл төрийн өмчит, эсхүл төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын, эсхүл орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авсан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна”, “Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлогыг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэсэн зэрэг агуулга бүхий хэсэг нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, төслийн “Танхайрах, зүй бусаар биеэ авч явах” гэсэн зүйлийн хэсгийг “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан; мансуурах үйлдэл гаргасан; аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; хүмүүсийн харилцааны тогтсон хэм хэмжээнд зүй бусаар халдаж бусдын амгалан тайван байдал алдагдуулсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.” гэж өөрчлөн найруулж, “Орон сууцанд шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.” гэсэн агуулгатай  “Нийтийн журам зөрчих” гэсэн зүйлийг нэмж тусгалаа. Мөн “Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль зөрчих”, “Нийтийн журам зөрчих”, “Аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах”, “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчих”, “Банкны тухай хууль зөрчих”, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх”, “Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах” гэсэн  зүйлийг тус тус  нэмж тусгав.

Саналын томъёоллоор санал хурааж дуусгалгүй үдээс өмнөх хуралдаан өндөрлөж, үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан Ерөнхий сайдын мэдээллээр үргэлжилж байна. Үүний дараа Зөрчлийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 

Н.Гантуяа

相关新闻