Хөдөлгөөнт баг оторчдод хүрч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-14 10:07:52

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг малчид, оторчдод төрийн үйлчилгээг газар дээрээс нь хүргэж байна. Тус аймгийн нийт нутгийн 5 хувь ногоотой, 15 хувь дунд зэрэг, 80 хувь нь гантай байгаа юм. Тиймээс малчид отроор нүүдэллэн ногоотой газар нутаг дээрээ бөөгнөрөл үүсч байгаа билээ. Иймд зуншлага тааруу үед малчид, оторчиддоо төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор хөдөлгөөнт баг ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан хүн, малын эмч, төрийн байгууллагуудын төлөөллийг хамруулсан ажлын хэсэг Ханхонгор сумын Мандах багийн нутагт оторлож яваа болон нутгийн малчдад төрийн анхан шатны үйлчилгээ, эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийлээ.
Тухайлбал эхо, элэгний в, с вирусын шинжилгээ, даатгал, татвар, малын эм бэлдмэл зэргээр малчид иргэдэд газар дээр нь очиж үйлчилсэн байна. 
Зуншлага тааруу, отор нүүдэл их байгаа хэдий ч төрийн үйлчилгээг газар дээр нь ирж хүргэж байгаад малчид талархаж байна. Аймаг орон нутгийн бодлогын түвшинд малчид иргэд рүү хандсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба энэ жил инженерийн хийцтэй 29 худгийг шинээр гаргаж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа юм. Мөн малчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарч малчид иргэдтэйгээ уялдаа холбоотой хамтран ажиллана гэдгээ энэ үеэр хэлж байлаа. 

Д.Мишигсүрэн


相关新闻