“Монголиа опен” ОУТ-д 12 орны бөх хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Буянт-Ухаа” спортын ордонд зургадугаар сарын 8-10-нд болох чөлөөт бөхийн “Монголиа опен” олон улсын тэмцээнд оролцохоор 12 улсаас мэдүүлгээ ирүүлээд байна.
8 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас гадна ОХУ, БНХАУ, АНУ, Канад, Казахстан, Киргиз, Нигери, Австрали, Иран, Пуэрто-Рико, Гватемал улсын бөхчүүд хүч ур чадвараа сорихоор болсон бөгөөд энэ тоо нэмэгдэх магадлалтай.
Учир нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос 2018 оноос эхлэн чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүд, сонгомол бөхийн тус бүр дөрвөн тэмцээнд чансаа олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс манай оронд зохион байгуулдаг “Монголиа опен” ОУТ-д эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох статустай болгох шийдвэр гарсан. Иймд дэлхийн шилдэг эмэгтэй бөхчүүд Улаанбаатарт ирж чансаагаа ахиулах нь тодорхой.
Д.Өлзий