“Говийн чоно-2018” олон улсын сургалт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-02 16:40:21
Ховд/МОНЦАМЭ/Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг баруун бүсийн таван аймгийг хамруулан Ховд аймагт зохион байгуулж байна.
Тус дадлага сургуулийн хүрээнд ОБЕГ-ын Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн Онцгой байдлын газрын 80 орчим аврагч, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын 10 гаруй аврагчтай хамтран зохион байгуулж буй  урсгал ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан онолын болон дадлага сургуулиуд үргэлжлэн явагдаж байна.  
Дадлага сургуулиудын үйл ажиллагаатай ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян танилцсан юм. Монгол, Америкийн аврагчид уулнаас эрэн хайх аврах ажиллагааны дадлагыг аймгийн төвөөс хойш 12 км зайд байрлах “Шүүтийн тохой”-д, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг аймгийн төвөөс хойш 60 км зайд Мянгад суманд орших “Ховд” голд зохион байгуулж байна.

Ховд аймгийн Онцгой байдлын газар Гамшгаас хамгаалах сургалтыг танхимыг орчин үеийн тоног төхөөрөмж, сургалтын техник хэрэгслээр тохижуулснаас гадна аврах ажиллагааны хээрийн сургалтын талбайд засвар хийж, шинэчилжээ. Онцгой байдлын албыг бэхжүүлэх, албаны бэлэн байдлыг хангах, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор Эрэн хайх, аврах ангийн барилгыг ашиглалтад оруулж, “Шуурхай бүлэг–105”-ийн үйлчилгээг нээн, ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Зургадугаар сарын 04-ний өдөр "Говийн чоно-2018" гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлт болж, Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, АНУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч ноён Манэул П.Микалер, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар оролцох юм.
А.Бямбасүрэн
  
相关新闻