Хөлбөмбөгийн дасгалжуулагч Ханс Майкл Вайссын гэрээг 14 сараар сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-29 13:24:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2017 оны 3 дугаар сард томилогдсон Ханс Майкл Вайссын гэрээг 14 сарын хугацаагаар сунгалаа. 

МХБХ-ны Зөвлөл өнгөрсөн сард хуралдаж, Ханс Майкл Вайссын гэрээг сунгах талаар хэлэлцэж баталсан бөгөөд өчигдөр гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан байна. Түүнийг багаа 9 дүгээр сард Монголд зохион байгуулах Зүүн Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатнаас шалгаруулах, ОУХБХ-ны урьдчилсан шатны болон бусад олон улсын тоглолтод амжилттай оролцох, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь шатанд шалгаруулвал үргэлжлүүлэн ажиллах нөхцөлтэй гэрээг сунгажээ.

Үндэсний шигшээ баг 2019 оны 6 дугаар сараас эхлэх 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд орох эрхийн төлөөх тэмцээнд амжилт гаргах зорилготой. Ийм учраас шигшээгийн дасгалжуулагчаас их зүйл шалтгаалах нь дамжиггүй.

UEFA Pro ангилалтай Герман дасгалжуулагч Майкл Вайсс жилийн хугацаанд үндэсний шигшээ багийг удирдан ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр Тайвань /4:2/ Малайз /2:2/ Маврики /0:2/ улсын багуудтай тоглосон. Мөн 23, 19, 16 хүртэлх насны шигшээ багуудад анхааран ажиллаж, ирээдүйн үндэсний шигшээ багийн суурийг бэхжүүлэх ажлыг өнгөрсөн жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн тул МХБХ-ноос түүний гэрээг ийнхүү нэг жилээр сунгаад байна.

Д.Өлзий
相关新闻