Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Спортын төв ордны А зааланд “Нэг бүс-Нэг зам” Монгол-Хятадын хамтарсан "Grand China sports" хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмын нээлтийн ёслол боллоо.
Энэхүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмын зорилго нь Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хууль, Монголын үндэсний паралимпийн хорооны дүрмийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэх болон нийтийн биеийн тамир, пара спортын хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлоход оршиж байгаа юм.

Наадмын нээлтийн ажиллагаанд заалны хоккей, хонхот бөмбөг, бочи, хөнгөн атлетик, ширээний теннис, жүдо бөх, шатар, сагсан бөмбөг гэсэн спортын 8 төрлийн тэмцээнд хурд, хүч, ур чадвараа сорин оролцох 537 тамирчин болон багш дасгалжуулагч, шүүгчид Спортын ордонд жагссан байв. Мөн хүндэт зочид, үзэгчид хүрэлцэн ирж оролцлоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмыг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нийт баг тамирчдад амжилт хүссэн юм.

Энэхүү наадмын нээлтийн ёслолд Монголын талаас БСШУСЯ-ны Биеийн тамир спортын бодлогын газрын дарга С.Чинбат, ЗГХА БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, МҮПХ-ны ерөнхийлөгч Д.Нямхүү, Хятадын талаас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Монгол Хятадын Биеийн тамир спортын ерөнхий холбооны ерөнхийлөгч Хоу Да Вей тэрүүтэй албаны зочид төлөөлөгчид ирсэн байв.

БНХАУ-ын Засгийн газрын “Нэг бүс-Нэг зам” санаачилга, бүтээн байгуулалтын хүрээнд Хятад улсад болон гадаадын улс орнуудад биеийн тамирын аялал жуулчлал, биеийн тамир спортын брэнд бий болгох тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа юм. Монгол-Хятадын биеийн тамир спорт, соёлын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх, “Нэг бүс -Нэг зам” бодлого, хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна.

Улмаар наадамд оролцох тамирчид, шүүгчдийг төлөөлж Тусгай 116 сургуулийн 6 дугаар ангийн сурагч, шатрын спортын тамирчин Н.Цэрэнтогтох, жүдо бөхийн олон улсын шүүгч Б.Болорцацрал нар тангараг өргөв. Монголын үндэсний паралимпийн хорооны тамирчид 2018 онд тив, дэлхий, олон улсын паралимпийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад баяр хүргэн, хүндэтгэл үзүүлж МҮПХ-ны ерөнхийлөгч Д.Нямхүү үг хэллээ.

Энэ жил гавьяат тамирчин Э.Содномпилжээ пауэрлифтингийн 2018 оны Дэлхийн цомын АШТ болон ДАШТ-ий аваргын алтан медаль хүртэж 107 кг-д дэлхийн рекордыг тогтоосон бол Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар таеквондогийн 2018 оны Азийн аварга болжээ. Мөн хөнгөн атлетикийн тамирчин Өнөрмаа 2018 оны олон улсын пара хөнгөн атлетикийн Гран при тэмцээнээс бөөрөнцөг, зээрэнцэг төрлөөр алтан медаль хүртсэн бол Б.Оюун-Эрдэнэ пара байт харвааны дэлхийн чансаа тогтоох ОУТ-ээс багийн болон ганцаарчилсан төрлөөр алтан медалийн эзэн болсон олон олон амжилтыг үзүүлээд байгаа юм.
Д.Өлзий