Гэр бүлийн аяныг аймгийн ИТХ дэмжиж хүүхдийн эрхийн сэдвээр уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-29 11:12:16
Ховд/МОНЦАМЭ/ “Миний гэр бүл – Миний аз жаргал” аяны хүрээнд Ховд аймгийн ИТХ-д явагдах үеэр хүүхдийн хүсэл мөрөөдөл, сэтгэлийн үгийг сонсох, тэдний дуу хоолойг эцэг эхчүүдэд хүргэх, хүүхдийн эрхийн талаарх ойлголт, хүүхдийн эрх хаана хамгийн зөрчигдөж байгаа талаар эссэ бичлэгийн уралдаан зарлалаа.

Аймгийн ИТХ-ын ажлын алба  аймгийнхаа 17 сумын ЕБС-ийн 3-5 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “Миний гэр бүл-Миний аз жаргал “сэдвээр, 6-9 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд “Хүүхэд миний эрх хаана зөрчигдөж байна вэ?” сэдвээр уралдаан зарласан байна.
Хүүхдүүдийн бичсэн зохион бичлэг гараар бичсэн байх бөгөөд шалгарсан бүтээлийг тусгай ном болгон эмхэтгэж ирэх намар эцэг, эх, сургууль хамт олонд өгөх юм байна. Эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн хүүхдүүдийн саналыг сонсож  Мини ИТХ зохион байгуулж, тодорхой шийдвэр гаргана гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди аяны цом дагалдах хэрэгслүүдийг дараагийн ээлж болох аймгийн  Байгаль орчны газрын дарга Д.Батбаярт гардуулан өгөхдөө аймгийн ИТХурал тус аяны хүрээнд багагүй ажил хийж хэрэгжүүлснийг дурдаад Байгаль орчны газар энэ жишгээр аяны цомыг нэр төртэйгээр аялуулахыг уриаллаа. Ховд аймгийн Байгаль орчны газар тус аяныг зохион байгуулалттайгаар үргэлжлүүлэхээр ажлын хэсэг байгуулсан төдийгүй олон бүтээлч ажил хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Дэлхийн гэр бүлийн өдөрт зориулан Ховд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Миний гэр бүл – Миний аз жаргал” аяныг олон ястны өлгий нутаг Ховд аймагт эхлүүлээд байгаа билээ. Тухайн аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийн ажилтан, албан хаагчдынхаа гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлж, хамтын амьдралын утга учрыг дэмжих, бат бэх тогтвортой гэр бүлийг бий болгож, эцэг, эхийн хамтын үүрэг оролцооны үр дүнд үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон хүмүүжүүлэх, хүүхдүүд эцэг эхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий тус аян нэг жилийн хугацаатай явагдах юм.
А.Бямбасүрэн

相关新闻