АНУ-ын нүдний эмч нар долоо дахь удаагаа Ховдод ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-29 09:45:00
Ховд /МОНЦАМЭ/ АНУ-ын Virtue Foundation Олон Улсын байгууллагын нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын эмч нарын баг энэ оны 5 сарын 18-наас эхлэн Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд 14 хоногийн хугацаатай ажиллаж байна.
Дэлхийн улс орнуудын эмч нарын сайн дурын байгууллага болох энэхүү байгууллагын эмч нар манай аймагт нүдний нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, мэс заслыг хийж, нүдний ухархай, зовхины гажиг засах, нүд орчмын түлэнхийн арьс нөхөх, нулимсны сувгийн эмгэгтэй өвчлөлтэй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийсэн юм.
Эдгээр эмч нарын багийн бүрэлдхүүнд нэр хүнд бүхий их сургуулийн доктор, зөвлөх эмч, Нью Йорк дахь Колумбийн их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны доктор Чарлес Акерсон Коле, хүүхдийн нүд судлал, солир харааны төрөлжсөн нарийн мэрэгжлийн эмч Тамиеша Фремпон, Нүний мэс заслын их эмч Харимхан Каушик, нүдний гоо заслын их эмч, анагаах ухааны магистр эмч Параг ганди, Зив щерзе нар ажиллаж байна. Эмч нарыг Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх хүлээн авч хүндэтгэл үзүүлж, нийт ховдчуудынхаа нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлжээ. 
Yirtue Foundation байгууллагын нүдний эмч нар Ховд аймагт 14 хоногийн хугацаанд ажиллахдаа 600 орчим хүнд үзлэг оношилгоо, 140 гаруй хүнд мэс засал хийж нийт дүнгээр 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Мөн аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн нүдний тасагт нүдний сувгийн эмчилгээний аппарат болон нүдний даралт хэмжигч аппаратуудыг хандивласан байна.
Тэд долоо дахь жилдээ Ховд аймагт нүдний чиглэлээр ажиллаж, эмч нарыг сургаж дадлагажуулсан учраас ирэх жилээс үйлчилгээнийхээ чиглэлээ өөрчлөн чих хамар хоолой, эрүү нүүрний гажиг засал, мэдрэлийн мэс заслын чиглэлүүдээр ирж эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм байна. 
А.Бямбасүрэн

相关新闻