Цоохор ирвэсийн нутгийг тусгай хамгаалалтад авахыг шаардаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-02 16:40:01

Нэн ховордоод буй цоохор ирвэсийн өлгий нутаг Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахыг хүсч нутгийн 1059 иргэн төр, засагт хандаад байна. 

Тост, Тосон бумбын нуруу нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт оршдог. Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан номонд орсон цоохор ирвэсийн идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нутаг нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний амьдрах гол орчин болоод байгаа юм. Үүнээс гадна Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газар болон Говийн их дархан цаазат газартай хил залган оршдог тул ховордсон туурайтан амьтдын нүүдэллэх экологийн коридор нутаг бөгөөд амьтдын нүүдэллэх, тогтвортой өсөх боломжийг бүрдүүлдэг гэж судлаачид үзжээ. Түүнчлэн дэлхийн ховор амьтдын бүртгэлд орсон аргаль хонь, янгир ямаа болон Монгол орны улаан номонд бүртгэгдсэн 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувуу, 10 зүйлийн ургамал бий. 
Тост, Тосонбумбын нуруу нь судалгаа шинжилгээний лаборатори-эталон нутгаар сонгогдож гадаад, дотоодын хэд хэдэн байгууллага хамтран цоохор ирвэсийн удаан хугацааны цогцолбор судалгааны ажлыг 2008 оноос өнөөг хүртэл олон улсын түвшинд амжилттай хэрэгжүүлж ирвэсний судалгааны суурин төв болон тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа аж. 
Гэвч тус нутагт хайгуулын 13, ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, байгаль орчин сүйдэж, нөхөж баршгүй гарз тохиоход бэлэн болоод байгаа юм. Тиймээс экологийн эмзэг, өвөрмөц орчин болсон газар нутгаа хамгаалах, улсын тусгай хамгаалалтад авахуулах зорилгоор нутгийн удирдлага болон иргэд төрийн дээд байгууллагуудад хандаад байна. 
Уг нь Гурвантэс сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 658912 га талбайг “Орон нутгийн хамгаалалтай газар”-т бүртгэж авсан юм. Гэвч Тостын нуруунд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд ажилласаар, дахин А болон Х тусгай зөвшөөрөл олгогдоод байгаа учир улсын тусгай хамгаалалтад авахуулах шаардлага тулгарсан аж. 
Салбар яамнаас энэ газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлаар 2014 онд Засгийн гарын хуралдаанаар хоёр ч удаа хэлэлцүүлсэн ч тодорхой шийдэл гаргалгүй өдийг хүрсэн байна. 
Тус нутгийн 1059 иргэний өргөдлийг үндэслэн өчигдөр Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээллийг сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуудлыг яагаад ийм хожуу ярьж байгааг шүүмжилж, тусгай хамгаалалтад авах нь зөв гэсэн байр суурь илэрхийлж байсан юм. 
Тус газар нутагт байгал хамгаалалчаар ажилладаг байсан 27 настай залуу харамсалтайгаар амиа алдсан хэрэг саяхан гарсан. Үүнд мөн гишүүд харамсал илэрхийлж байгаагаа хэлээд, байгал орчныг нь сүйтгэхийн тулд хүний амь эрсдүүлсэн юм биш биз гэж хардаж байгаагаа ч хэлсэн.  
Ингээд Байнгын хорооны хуралдааны дүнд Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төсөл боловсруулсан юм. Уг тогтоолын төсөлд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг энэ оны 12 дугаар сард багтаан шийдвэрлэж, энэ тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Харин өнөөдөр Гурвантэс сумын Тост уул, Тосонбумбын нуруу орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Гурвантэс сумын ИТХ, ЗДТГ, тус сумын Тост багийн малчдын төлөөлөл, Ирвэс хамгаалах сангийн төлөөлөл оролцсон юм. 
Уг асуудлыг үүнээс өмнө энэ долоо хоногийн даваа гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн юм. Засгийн газрын гишүүд мөн тусгай хамгаалалтад авах нь зөв, гэхдээ нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг цуцлахтай холбогдуулан гарах зардлыг тооцож оруулж ирэхийг салбарын сайдад даалган түр хойшлуулсан байна. Тодруулбал тус газар нутагт нүүрс, газрын тосны чиглэлийн тусгай зөвшөөрлийн лиценз олгогдсон, тэр дундаа бүтээгдэхүүн хуваах гэрээтэй хоёр ч талбай байгаа учир нарийн тооцоолол гаргах шаардлагатай гэж үзжээ. Ашигт малтмалын газрын зүгээс өгч буй мэдээллээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлахад нийт 1 тэрбум 84 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Харин уг хөрөнгийг хэрхэн гаргах, эсвэл өөр тусгай зөвшөөрөл санал болгох эсэх гээд хэд хэдэн хувилбараас сонгох шаардлага гарч байна. 

Н.Гантуяа

 

相关新闻