Соёлын ажилтнуудад биет болон биет бус өвийг хамгаалах сургалт явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-25 11:26:48
Ховд /МОНЦАМЭ/ БСШУСЯ-аас өнгөрсөн онд Соёлын урлагийн ажилтны улсын 2 дугаар чуулган хийж, тус чуулганаас гарсан бодлого зөвлөмжийг үндэслэн аймаг бүр соёлын салбарын бодлого төлөвлөлтийг сайжруулах, соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах, бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, хойч үедээ өвлөн уламжлуулах чиглэлээр соёлын ажилтнууд болоод ард иргэдийн дунд зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал, сургалт, зөвлөлгөөн зохион байгуулагдаж байна. 
Тус чуулганы шийдвэр хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ховд аймгийн БСУГ-аас БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв, Соёл урлагийн удирдлага менежмэнтийн институттай хамтран “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт хоёр өдрийн сургалт болж өнгөрлөө.
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд нутгийн удирдлагын ордны иргэний танхимд зохион байгуулсан  сургалтанд аймгийн Музей, Нийтийн номын сан, ХДТ-ын ажилтнууд болон сумдын соёлын төвийн ажилтнууд, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нийт 80 гаруй хүн оролцов.      
Энэ үеэр  Соёлын биет бус өвийн талаар баримтлах бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Соёлын биет бус өвийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх арга зүй, соёлын статистик-шинэчлэл, соёлын үл хөдлөх дурсгалын өнөөгийн байдал хадгалалт хамгаалалт зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргэж, энэ чиглэлээр чөлөөт ярилцлага өрнүүллээ.
А.Бямбасүрэн

相关新闻