Санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-14 18:02:21
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУЯ хамтран 2016-2021 он хүртэл хэрэгжүүлэх “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын төв банк болон тус аймгийн салбараас Говь-Алтай аймгийн иргэдэд  санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 14-17-ны өдрүүдэд Алтай хотноо зохион байгуулж байна. 
Өнөөдөр эхэлсэн сургалтын арга хэмжээнд тухайн аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд, арилжааны банкны төлөөлөл, Цагдаагийн газар, Прокурорын газар, Есөнбулаг сумын багийн Засаг дарга нар, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд гээд нийт 40 гаруй хүн оролцжээ. 
Энэ удаагийн сургагч багш бэлтгэх сургалтыг Монголбанкны эрхзүйн хэрэгжилт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Оргилсайхан, Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээлийн төв, Мэдээллийн лавлагааны албаны мэргэжилтэн С.Амгаланбаяр, БСШУСЯ-ны мэргэжилтэн С.Ундрал, Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн Ц.Дашням, А.Баянмөнх, Т.Цэрэнбадрал нар чиглүүлэн ажиллаж байгаа гэнэ.
Гурван хоног үргэлжлэх уг сургалтад тус аймгийн 18 сумын Насан туршийн боловсролын төвийн 24 багш хамрагдан үр дүнд нь цаашид тухай орон нутгийнхаа ЕБС-ийн сурагчдад "Санхүүгийн боловсрол"-ын нээлттэй хичээлийг заахаар онцлогтой ажээ.
Э.Нарангэрэл
 
相关新闻