Сумдын Соёлын төвийн бүжгийн багш нар мэргэжлийн бүжигчдээс суралцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-08 09:54:22
Ховд/МОНЦАМЭ/ Сумдын соёлын төвийн бүжгийн багш нарын чадваржуулах сургалтыг өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн Ховд аймгийн хөгжимт драмын театрын бүжиг ангийн багш М.Болормаа, бүжигчин МУСТА Д.Сандуй, бүжигчин Б.Шинэ-Од нарын бүжигчид Алтай, Булган, Үенч, Эрдэнэбүрэн, Дөргөн, Чандмань, Ховд, Зэрэг, Дарви, Цэцэг сумын бүжгийн багш нарт 40 цагийн сургалт зохион байгууллаа.
Сургалтаар сонгодог бүжгийн тухай ойлголт, үүсэл хөгжил, түүхэн замнал, бүжиглэх ур чадвар болон сонгодог бүжгийн дасгал хөдөлгөөн, үндсэн тавил суулгах арга зүй, Монгол ардын бүжиг, бий биелгээний тухай ойлголт, үүсэл хөгжил, түүхэн замнал, үндэстэн угсаатны онцлог ялгаа, бүжиглэх намба төрх, бүжиглэх ур чадвар,  дасгал хөдөлгөөн, бүжгийг шинээр дэглэн найруулах онол аргазүйн мэдлэгийг эзэмшүүлжээ.
Сумдын Соёлын төвийн бүжгийн багш нараар дамжуулан урлаг, гоо сайхны мэдлэгийг дээшлүүлэх, баруун монголын соёлын үнэт өв олон ястны бий биелгээ, бүжгийг хойч үед өвлүүлэх, танин мэдүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдолтой сургалт боллоо гэж Ховд аймгийн Хөгжимт драмын театрын бүжиг ангийн багш М.Болормаа ярилаа.
Сумдын Соёлын төвийн бүжгийн багш нар сумандаа хүүхдүүдэд бүжгийн боловсрол олгох, бүжиглэх ур чадварыг дээшлүүлж, аймаг, сумын хэмжээнд зохион байгуулагдах наадам, баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд үндэсний бүжгийн олон төрлийн үзүүлбэр тогтлолтуудыг бие дааж бэлтгэхэд мэргэжлийн бүжигчидтэй хамтарсан сургалт үр бидэнд дүнтэй боллоо гэв.
                                                                                                                              А.Бямбасүрэн

相关新闻