Засаг дарга хүүхдийн паркт засвар үйлчилгээ хийхийг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-01 18:29:04
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог Баруун бүсийн Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн нөхцөл байдалтай танилцлаа. Тэрээр урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол газар Хүүхдийн паркийн бүрэн бүтэн байдлыг судлахын зэрэгцээ нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ажиллалаа. 
Хүүхдийн парк нь ашиглалтад орсон цагаасаа зарим тоглоом хэрэгсэл нь бүрэн бүтэн ажиллаагүй, усалгааны систем буюу ногоон байгууламж услах худгууд бүрэн ашиглалтанд ороогүй зэрэг зөрчил дутагдлууд давтагдсаар ирсэн юм. Үүнээс гадна ашиглалтын явцад эвдэрч, элэгдсэн  тоглоом олон байгаа бөгөөд хүчтэй шуурганы улмаас хөлбөмбөгийн талбай хууларсан, сүүдрэвчний дээвэр унасан, зарим тоглоомнуудын үүдний удирдлагын өрөөнүүд унажээ. Эдгээр тоглоом хэрэгслийн засвар, арчлалтыг яаралтай хийж хэрэгжүүлэн ногоон байгууламжийн услалтыг цаг алдалгүй хийж гүйцэтгэхийг аймгийн Засаг дарга Д.Галсандондог Паркийн үйл ажиллагаатай танилцахдаа холбогдох газруудад үүрэг болголоо.
Ирэх пүрэв гарагийн бүх нийтийн их цэвэрлэгээний өдрийн хүрээнд боловсрол, соёлын байгууллагуудыг Хүүхдийн паркийн цэвэрлэгээ болон зарим засвар арчлалт дээр ажиллахыг даалгав. Харин Паркийн үүдний хаалганы засвар, өнгө үзэмж сайжруулах ажлыг аймгийн ЗДТГ-аас хариуцан хийхээр болов.
А.Бямбасүрэн
相关新闻