Алтай хотын төвийн бүсээс мал бүхий иргэд, өрхийн туслах аж ахуйг нүүлгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малчдад зөвлөмж, сэрэмжлүүлэг өгөх, мэдээ мэдээллээр хангах зорилгоор өнөөдрөөс энэ сарыг дуустал улс орон даяар үргэлжлэх “Эрүүл мал-Эрсдэлгүй бүтээгдэхүүн” аяны хүрээнд Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мал бүхий иргэд, өрхийн туслах аж ахуйг Алтай хотын төвийн бүсээс нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон байна.
МХГ-т тус аймгийн төвд өрхийн туслах аж ахуй буюу гахай, шувууны фермерийн үйл ажиллагаа явуулдаг 11 өрх бүртгэлтэй байдаг ажээ. Харин сүүлийн жилүүдэд адуу тэжээх иргэдийн тоо ихээр нэмэгдсэн учир одоогоор бүртгэлтэй иргэдийн тоог тодорхой тогтоогоогүй байна.
МХГ-т тус аймгийн төвд өрхийн туслах аж ахуй буюу гахай, шувууны фермерийн үйл ажиллагаа явуулдаг 11 өрх бүртгэлтэй байдаг ажээ. Харин сүүлийн жилүүдэд адуу тэжээх иргэдийн тоо ихээр нэмэгдсэн учир одоогоор бүртгэлтэй иргэдийн тоог тодорхой тогтоогоогүй байна.
Түүнчлэн тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймаг, сум, багийн Засаг дарга, ИТХ, Онцгой байдлын газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасаг болон худалдаа үйлчилгээ, мал эмнэлэг, үржлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, малчдын оролцоотойгоор тус аймгийн 18 сум, 87 багт “Эрүүл мал-Малчны хариуцлага” сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашлаад малчдад мал, амьтны халдварт өвчний талаарх мэдээ мэдээллийг хүргэж соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх ажээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрөөс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулах Засгийн газрын шийдвэрийг үндэслэн энэхүү аяныг Говь-Алтай аймагт эхлүүлж буйгаа Мэргэжлийн хяналтын газрын Мал үржлийн хяналтын Улсын байцаагч А.Сувданчимэг олон нийтэд мэдээлэв.
Э.Нарангэрэл