Галданбошигт хааны хэрэглэж байсан эмээл ховор үзмэрт тооцогддог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музейн ашигт малтмал, байгаль-газарзүй, түүх-угсаатан, шашин, ардын урлал, “Эх оронч”-дын болон Ч.Лодойдамбын гэсэн танхимуудад 2500 гаруй үзмэр, эд өлгийн зүйл хадгалагдаж байна. Тэдгээрээс ховорт тооцогддог үзмэр болох Галданбошигт хааны хэрэглэж байсан 17 дугаар зууны үеийн эмээл юм.
Энэхүү эмээлийг 1956 онд Шарга сумын Цагааннуур орчмоор нутаглаж байсан хөгшин Галданбошигт хаанаас үе удам дамжуулан хэрэглэж байгаад орон нутгийн музейдээ өглөө гэсэн мэдээлэл баримт бичигт бичигдсэн байдаг.
Эмээл нь Монгол гуталны дүрслэлтэй ба урд бүүрэг нь хоншоорыг, хойд бүүрэг нь гуталны оймсны хярыг дүрсэлжээ.
Харин хийцийн хувьд эмээлийн бүүрэгний эмжээр буюу хярыг мөнгөөр цутган, түүний урагш, хойш харсан талуудыг алтаар шарж, дэвсэг дээр нь усан долгион хээг шаглан оёжээ. Энэ нь усны давалгаа, усны амьтан болох загасыг дүрсэлсэн нь тус аймгийн Шарга сумын нутагт "далай" байсантай холбоотой гэх домог яриа ч бий.
Э.Нарангэрэл