МҮБХ-ны Цэцдийн зөвлөл ирэх сарын 3-нд хуралдахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-28 13:28:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу энэ сарын 27-нд Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав болон аймгуудын бөхийн холбооны төлөөлөл болох бөхчүүд оролцож Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-нд үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэн гурван асуудал шийдвэрлэжээ.

Тус хурлаар МҮБХ-ны дүрмийн дагуу 2002 оны IV Их Эеэс сонгогдсон Цэцдийн зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж, Ээлжит бус Их Эеийн товыг зарлах асуудлаар санал хурааж, хуралд оролцогсдын 95.2 хувийн саналаар тус цэцдийн зөвлөлийг хуралдуулахыг дэмжлээ.

Мөн 2002 оны IV Их Эеэс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүдийн дийлэнхийг буюу 2/3-ыг бүрдүүлэх үүрэг өгч, 2018 оны тавдугаар сарын 03-ны өдөр тус Цэцдийн зөвлөлийн хурлыг хуралдуулах асуудлаар санал хурааж, хуралд оролцогсдын 95.2 хувийн саналаар дэмжигдсэн байна.

Х.Баянмөнх аваргын саналаар 2002 оны Цэцдийн зөвлөлийг хүчин төгөлдөр эсэх талаар Улсын дээд шүүхээс тайлбар хүсэх тухай ажлын хэсэг
/ажлын хэсэгт Х.Баянмөнх, Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар багтав/ гаргаж ажиллах талаар санал хурааж, 100 хувийн саналаар дэмжигдлээ.

Тус хуралд оролцсон төлөөлөгчдийг танилцуулахад, Архангай аймгаас улсын гарьд Д.Рагчаа, Баян-Өлгий аймгаас у.х О.Бахытыг төлөөлж, аймгийн арслан Х.Айдос, Баянхонгороос у.х Д.Батболдыг төлөөлж аймгийн арслан Д.Энхбат, Булганаас улсын заан Д.Баасандорж, Говь-Алтай аймгаас улсын гарьд Н.Ганбаатар, Говьсүмбэр аймгаас у.а Д.Азжаргалыг төлөөлж, аймгийн арслан Т.Пүрэвсүрэн, Дорнод аймгаас улсын начин Д.Цогзолдорж, Дундговь аймгаас улсын харцага Л.Пүрэвжав, Завхан аймгаас улсын гарьд Б.Гончигдамбыг төлөөлж, у.х Ш. Уламбаяр, Өвөрхангай аймгаас улсын арслан Д.Ганхуяг, Сүхбаатар аймгаас улсын харцага Ч.Өвгөнхүү, Сэлэнгэ аймгаас улсын харцага Т. Өсөх-Ирээдүй, Төв аймгаас улсын заан Д.Амгаланбаатар, Увс аймгаас улсын гарьд Б.Гантогтох, Ховд аймгаас улсын заан Ц.Мягмарсүрэнг төлөөлж, Ховд дэвжээний захирал Ш.Батхишиг, Хөвсгөл аймгаас улсын харцага Г.Элбэг, Хэнтий аймгаас улсын начин Б.Одхүү нар хүрэлцэн ирж оролцсон. Харин Дорноговь, Өмнөговь аймгаас төлөөлөл ирж амжаагүй гэж хурал зохион байгуулагчдаас мэдээллээ.

相关新闻