Аргалийн хурга малчны хотонд иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-04-26 16:03:04
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын малчин айлын хотонд аргалийн хурга бойжиж байна.
Баянцагаан сумын "Дэлгэрэх" хоёрдугаар багийн малчин Ц.Эрдэнэбаярын хүү энэ сарын эхээр ишиг, хургаа эргүүлээд ирсэн хойноо аргалийн хурга нийлснийг мэдсэн байна. Тэр өдрөөс хойш хотондоо сүүгээр угжиж, бойжуулж байгаа аж.



"Өвсөнд ороод ирэхээр ижил сүрэгт нь тавина. Энэ нутаг аргаль, янгир элбэгтэй. 1990-ээд онд янгирын ишиг малчны хотонд бойжоод явсан тухай нутгийн хүмүүс одоо ч хуучилдаг" гэж Баянцагаан сумын Байгаль орчны байцаагч С.Намжилмаа ярив.
Баянцагаан сум нь Улаанбаатар хотоос 960 км, аймгийн төвөөсөө 247 км-т оршдог. Хүн амын тоогоор аймагтаа гуравдугаар байранд ордог, Баянхонгор аймгийн тал хээрийн бүсийн төв юм. Тус сумын нутагт нэн ховор амьтан болох аргаль, янгир, угалз, ирвэс, хар сүүлт элбэг байдаг ажээ.
                                                                                                                                                 Б.Мөнхзул 
相关新闻