Язгуур урлагийн анхдугаар наадам болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт язгуур урлагийн анхдугаар наадам болж байна. Аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрт орон нутгийн онцлог соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээх, түгээн дэлгэрүүлэх, судлах, сурталчлах тухай тусгасан. Говь нутгийн соёлын дархлаа дахин давтагдашгүй өв соёл бэлэн цэцлэх ерөөл, аялгуут магтаал, шанхайн уртын дуу, морин хуурын татлагын баялаг өв санг залуу үеэр дамжуулан түгээн дэлгэрүүлэхээр зорьж байгаа юм.
Тиймээс Засаг даргын ивээл дор Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, Төрийн их хан хуурч, Өмнөговь аймгийн хүндэт иргэн Ц.Цэрэндоржийн нэрэмжит “Аялгуут магтаалчдын наадам”, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбын Оргойн нэрэмжит “Ерөөлчдийн наадам”, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн зэмсэг урлаач П.Байгальжавын нэрэмжит “Морин хуурчдын наадам, “Говь шанхайн уртын дууны наадмыг” ийн нэгэн дор зохион байгуулж байна.
Уг наадамд гурван төрөлд таван насны ангиллаар 13 сумаас 286 уран бүтээлчид ирж оролцож байгаа юм. Энэхүү язгуур урлагийн наадам энэ сарын 27-ыг хүртэл үргэлжилнэ.
Д.Мишигсүрэн