"Ном тоослох" ёслол үйлдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-25 09:27:53
Ховд /МОНЦАМЭ/ Ном тоослох эртний ёс уламжлалыг сэргээх зорилгоор удаан хугацаанд хадгалагдсан хэвлэмэл бүтээлүүдийг салхилуулах ажлыг Ховд аймгийн Нийтийн номын сан, Ганданпунцагчойлон хийдийн Хансар Н.Даваасамбуу, Г.Даваасамбуу нартай хамтран "Ном тоослох" ёслол үйлдэж хуучин судар бичгүүдийг баринтаглав.

"Дэлхийн номын өдөр"-т зориулан Ховд аймгийн Нийтийн номын санд хадгалагдаж байгаа Тод үсгийн ном, судар бичгүүдийг ийн тоослох ёслол үйлджээ. Тод үсгийн ном судруудыг тоос буртаггүй аль болох өндөрт залдаг бөгөөд зөөлөн даавуу, хөвөнгөөр тоослох ёслол үйлддэг байна.
Мөн “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн Нийтийн номын сангаас олон сонирхолтой арга хэмжээ уншигчдын дунд зохион байгуулсан юм. "Бид уншиж байна" аян өрнүүлж, Жаргалант сумын Ерөнхий Боловсролын  ахлах хоёрдугаар сургуулийн 7-10 дугаар ангийн сурагчдад ном уншихын ач тус болон уншсан номынхоо тухай сонирхолтой яриа өрнүүлж, Монголын түүх, соёлын тухай, мөн Сорхугтан хатан номонд эмэгтэй хүний бүх сайхан шинжийг харуулсан аялгуу сайхан монгол хэл, аман зохиол, үлгэр, домгийн тухай ярилцлага хийсэн юм.
"Бид уншиж байна" аян үргэлжилж Ховд аймгийн Дөргөн, Мянгад, Буянт сумуудаар ажиллаж шинэ номын үзэсгэлэн гаргаж, сумдын номын санч нарт арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн сумдын нийт Төрийн албан хаагч болон ард иргэдэд "Угийн бичиг"-ийн сургалт явуулж 300 гаруй хүн хамрагдлаа.

А.Бямбасүрэн
相关新闻