Монгол цаначид олон улсын марафон уралдаанаас 6 медальтай ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-24 12:33:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын цанын баг тамирчид Байгаль нуурын мөсөн дээр болдог “Максимаха -2018” олон улсын марафон уралдаанаас 6 медаль хүртжээ.

ОХУ-ын Буриад улсын цанын холбооноос жил бүр уламжлал болсон олон улсын марафон уралдаан энэ сарын 20-21-нд болж шилдгүүдээ тодруулсан юм. Энэ тэмцээнд оролцсон Монголын цаначид марафон уралдаанд 6 медаль хүртсэн бол спринт уралдаанд шагналт  5 дугаар байрт шалгарлаа.



Энэ тэмцээнд Монгол Улсаас 31 тамирчин 7 дасгалжуулагч болон албаны нийт 53 хүн оролцов. Тэмцээний эхний өдөр спринт зайд өсвөр насны ангилалд 1.5 км зайд Б.Өсөхбаяр алтан медаль, эмэгтэйчүүдийн спринт зайд ОУХМ А.Энхтуул шагналт тавдугаар байр эзэлсэн байна.



Тэмцээний хоёр дахь өдөр нь марафон уралдаан 50, 30, 20, 10 км зайд болж, Герман, Тайланд, Монгол, ОХУ-ын Чита, Красноярск, Улаан-Үд, Эрхүү зэрэг хотоос 300 гаруй тамирчин өрсөлдсөн байна.

Энэ марафон уралдааны эмэгтэйчүүдийн 30 км зайд ОУХМ Э.Ариунтунгалаг алт, спортын мастер Э.Ариунзул мөнгө, А.Энхтуул хүрэл медаль тус тус хүртсэн. Мөн эрэгтэйчүүдийн 10 км зайд спортын мастер А.Билгүүн алт, 20 км зайд уралдсан спортын мастер Д.Мөнх-Оргил мөнгөн медалийн эзэд боллоо.



Манай улсаас энэ тэмцээнд 2015 оноос оролцож эхэлжээ. Энэ удаа Төв, Орхон, Булган, Хөвсгөл, Хэнтий болон нийслэлийн цаначид олон улсын марафон уралдаанд хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Дашрамд сонихуулахад, “Максимаха” цанын олон улсын марафон уралдаан 10 гаруй жилийн түүхтэй. Байгал нуур руу түрэн тогтсон “Максимаха” уулын нэрээр энэхүү цанын уралдааныг нэрлэн ОХУ-ын Буриад улсаас зохион байгуулдаг юм.
Д.Өлзий
相关新闻